АНУ “F-22” онгоцыг анх удаа байлдааны нөхцөлд ашиглалаа
АНУ-ын зэвсэгт хүчин “F-22” сөнөөгч онгоцоо анх удаа байлдааны нөхцөлд ашигласан тухай “Time” сэтггүүлд өгүүлжээ. Энэ төрлийн нисэх онгоцууд Сирийн Ракка хот болон зэргэлдээ дүүргүүдэд агаараас цохилт өгсөн байна. Ракка нь “Исламын улс” бүлэглэлийн гол байршил ба өмнө нь Пентагоны төлөөлөгч энэ хотыг бөмбөгдөхөд “Томагавк” далавчит пуужин ашигласан тухай мэдэгдсэн юм. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаанд Бахрейн, Иордан, Саудын Араб, Арабын нэгдсэн эмират зэрэг улсууд оролцож байгаа тухай мэдээлжээ. “F-22” онгоцуудыг ямар үүрэгтэйгээр ашигласан тухай мэдээлэл алга. Энэ загварын онгоцыг 1980-аад оны сүүлчээр анх бүтээж эхлэн 1997 онд агаарт хөөргөсөн байна. Тав дахь үеийн сөнөөгч онгоц болох энэхүү загварыг АНУ-ын зэвсэглэлд 1997 онд хүлээн авчээ. АНУ-ын зэвсэглэлд нийт 187 ширхэг “F-22” онгоц байдаг ба АНУ нь тав дахь үеийн сөнөөгч ашигладаг цорын ганц орон юм. Энэ төрлийн нэг нисэх онгоцны өртөг 400 гаруй сая ам.доллар давж, дэндүү өндөр үнэтэй тусч байснаас 2011 онд үйлдвэрлэлийг нь зогсоосон. Түүнчлэн “F-22” онгоцны нэг цагийн нислэг 49 мянган ам.долларын өртөгтэй аж.
Д.Мөнх
URL: