С.Эрдэнэбаяр, Д.Отгондалай нар удахгүй тоглоно
Манай ширэн бээлийтнүүдээс өнөөдөр Улаанбаатарын цагаар 15.30 цагаас 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр Узбекстаны тамирчинтай тоглоно. Узбекстаны хүнд жингийн тамирчид хүчтэй, Азид тэргүүлэх орны нэгд тооцогддог ч манай тамирчинд бэргэх юм байхгүй хэмээн боксын мэргэжилтэн, дасгалжуулагчид ярьж байна.
Мөн Улаанбаатарын цагаар орой 18.30 цагаас ОУХМ Д.Отгондалай 60 кг-ын жинд Туркменистаны тамирчинтай тоглох юм байна. “Инчон-2014” Азийн наадмын дэвжээнээ манай ширэн бээлийтнүүдэд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Д.Банди зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Боксын улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Н.Батсүрэн, туслах дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, ОУХМ Б.Энхтайван нар, багийн даргаар Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба нар Инчонд ажиллаж байгаа юм.
Ч.Зотол
polit.mn
URL: