Цагийн сайханд Түлэнхий төв өөрийн гэсэн газартай, байртай байлаа…

94831ccc-6f57-4852-b1aa-c0893521a263Түлэнхийн төв хувийн эмнэл­гийн байрнаас ирэх сарын 1-нд нүүхээр болжээ. Энэ удаад “Мөнгөн гүүр”-ээс нүүж ГССҮТ-д байрлахаар болсон байна. Өнгөрсөн хоёр жлийн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсан энэ эмнэлэг ийн ГССҮТ-д хэсэгтээ толгой хоргодохоор болов.

 

Цагийн сайханд Түлэнхий төв өөрийн гэсэн газартай, байртай байсан.

2011 онд уг барилгыг актлаж нураах шийдвэрийг гаргаж байв. 1957 онд ашиглалтад орсон уг барилгад урсгал засвар төдийхнийг хийж ирсэн байдаг.

Харин өнөөдөр 2014 он шувтрах дөхөж байхад Түлэнхий төвийн шинэ барилгын сураг сонстох нь битгий хэл хуучин барилгыг нь нураагаагүй, эмнэлэгийн газар нь сөөм сөөмөөр багасах болсон сурагтай.

Ингээд л Түлэнхийн тасаг “Мөнгөн гүүр” эмнэлэгт жилд 360 сая төгрөгийн түрээс төлөн өнөөдөртэй золгов. “Мөгөн гүүр”-ээс гарах болсон шалтгаан нь тус эмнэлэгийнхэн “Бүхэл бүтэн нэг эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас хамтарч ажиллахад бэрхшээлтэй байна” гэжээ.Тэр ч аргагүй юм.

 

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн жил 14.5 тэрбум төгрөгөөр долоон давхар эмнэлэг барихаар зураг төслийг нь гаргасан” гэх сайхан мэдээг дуулгаж байлаа.

Ёстой л нөгөө хулхин дээр цэцэг ургуулна гээч юм болжээ.

 

Түлэнхийн  төвийн газар аль хэдийнээ хэл ам, хэрүүл маргаан татлаад эхэлсэн.  Үе үеийн дарга нар нь сөөм сөөмөөр тус эмнэлэгийн газраас зарсан гэх. Шинэ Түлэнхийн эмнэлэгийг хаана барих тухай ч маргалдаж байгаа. Угтаа хотын төвд өөрийн гэсэн хуучин буйр нь байсаар байхад өөр газар барих хэрэг юу байна вэ.

 

Түлэнхийн төвийг хуучин буйран дээр нь барихгүй бол эрүүл мэндийн салбартай холбоотой барилга байшин барих юм гэсэн.  Тэр болтол Түлэнхийн  төвийн гэх тодотголтой алга дарам газар ч үгүй болчих вий дээ.

Ямартай ч Түлэнхийн төвийнхөн энэ удаад орох газартай болжээ. ГССҮТ-ийнхөн “Манайх ачааллаа дийлэхгүй байна. Эндээс гар” гэхгүй л бол ямар ч байсан өвлийг давах биз.

Харин дараа нь  яах вэ. ГССҮТ угийн ачаалал ихтэй. Дээр нь бүхэл бүтэн нэг эмнэлэг нүүгээд оччихоор эмнэлэгийн үйл ажиллагаанд доголдол гарахыг үгүйсгэх аргагүй юм.

 

С.Сүрэн

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих