Ж.Батзандан улстөрийн тэмцэл өрнүүлэхээ мэдэгдэв

“Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Ж.Батзандан хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр компанийн үйл ажиллагаатай холбоотой   мэдээллийг хүргэсэн юм. Өнөөдрийн байдлаар компанийн үйл ажиллагаа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа аж. Учир нь Улсын их хурлын 39 дүгээр тогтоол бодитоор хэрэгжихгүй байгаа нь компанид сөргөөр нөлөөлж буй гэнэ. Тэрбээр хэлэхдээ “Компанийн үйл ажиллагаанд улстөрчдийн оролцоо хэтэрхий их байгаа нь сөргөөр нөлөөлж, бизнесийн зарчмаар ажиллах нөхцөл боломжийг хааж байна” гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлолт явуулах Тавантолгойн бүлэг ордын лиценз шилжиж ирээгүй байна. Үүнээс болж компанийн хувь заяа улстөрчдийн гарт оржээ. Компанийн лицензийг өөрийн болгох гэсэн хүсэлтэй нөхөд хуйвалдаж яваа сурагтай. 39 дүгээр тогтоолыг эрх мэдэлтнүүд өөрчилж өөрт ашигтай хэлбэрээр санал дэвшүүлсэн нь чих дэлсэв. Уг тогтоолыг “Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийж, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр 30 хувийг арилжаалж, 10 хувийг ард иргэдэд, 10 хувийг үндэсний компаниудад нэрлэсэн үнээр худалдах заалтад өөрчлөлт оруулах тухай яригдаж эхэлжээ.

Ж.Батзандан хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажлыг өнөөдрийг болтол эхлүүлэхгүй байна. Компанийн оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулахыг хүсэхгүй байгаа нь учиртай. Сонгон шалгаруулалтад ТУЗ-ийн гишүүд байдаггүй болохоор асуудал аль төвшинд очиж гацчихаад байгааг мэдэхгүй юм. Засгийн газраас иргэн бүрт 21 мянган төгрөг тараахаар болсон. Гэтэл энэ мөнгөний зардал болох 333 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахыг үүрэгдсэн сурагтай” хэмээлээ.

Төслийн хэрэгжилт удааширч байгаад бухимдсан Ж.Батзандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын эрхэм гишүүдэд шаардах бичиг хүргүoлж буйгаа танилцуулсан юм. Уг бичигт төслийг хэрэгжүүлэх багийн удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх, компанийн удирдлагыг “Эрдэнэс Монгол” компаниас салгах зэрэг асуудлыг хөнджээ. Мөн 39 дүгээр тогтоолыг дахин харж ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэс Тавантолгой”-д шилжүүлэх болсон шалтгааныг танилцуул гэжээ. Түүний шаардах бичигт хариу өгөхгүй тохиолдолд ирэх есдүгээр сарын 1-нээс улстөрийн тэмцэл өрнүүлэхээ хэлэв.

А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих