Гурван сая хүнд ганцхан эмнэлэг
Түлэнхийн төв ирэх сарын 1-н гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийнхөө нэг давхарт нүүж ирэхээр болжээ. Хоёр жил гаруй хугацаанд бусдын хатавчинд толгой хорогдсон Түлэнхийн төв “төрхөмдөө” буцахаас өөр аргагүйд хүрсэн байна. Уг нь Түлэнхийн төв бусдын хаяанд толгой хорогдохгүйгээр өөрийн гэсэн орон байр, сав суулгатай байлаа. Даанч одоо байхгүй.
Түлэнхийн төвийн барилга анх 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулж болохгүй, хугацаа хэтэрсэн гэж үзсэн учраас Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасны дагуу Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 358 тоот тогтоолоор уг барилгыг актлах тогтоол гарч,арга буюу нүүж ГССҮТ-д очсон. Гэсэн хэдий ч хатуу, сэтгэлгүй хойд эхийн шинжээр “Мөнгөн гүүр” эмнэлгийн байрыг түрээслэн иргэддээ үйлчлэх шийдвэрийг гаргасан юм. Өнгөрсөн хугацаанд Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт багаар бодож нэг тэрбум төгрөгийг түрээсийн төлбөр болгон өгчээ. Энэ нь эргээд улсын төсөв, ГССҮТ-ийн санхүүд хүндээр туссан нь ойлгомжтой.
Ингэж ямар ч хэрэггүй мөнгө үрэн таран хийхэд царцаагдсан барилга, ГССҮТ-ийн удирдлагуудын халаа сэлгээ маш их нөлөөлсөн гэдгийг эмч ажилтнууд нь хэлж байна. Түлэнхийн төвийн барилгын талаар анх Нийслэлийн Засаг даргын захирамж 2011 онд гарсны дараа Эрүүл мэндийн яамнаас мөн оны долдугаар сард зарласан зураг төсөл боловсруулах зөвлөх сонгон шалгаруулалтад “ЭЗТ” ХХК шалгарч тус яамтай гэрээ байгуулан Түлэнхийн төвийн шинээр баригдах барилгын зураг төслийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэж эхэлжээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шинэ барилгын ажил эхлэх нь бүү хэл хуучин балгасыг нь ч буулгаагүй байгаа юм. Түлэнхийн төвийн барилгыг шинээр барих ажлыг 12 тэрбумын төсөвт өртөгтэйгээр анх баталж тендер шалгаруулсан боловч 30 гаруй тэрбум болж өөрчлөгдсөн байна. Тиймээс тухайн барилгын тодорхой өртөгийг Барилгын хөгжлийн төв үнэлгээ хийж эцсийн байдлаар тогтоон улсын төсөвт суулгана гэдгийг салбарын сайд нь хэлж байна лээ.
Үүнээс үзэхэд, Түлэнхийн төв шинэ байртай болтлоо дахиад 2-3 жилийн нүүрийг үзэх нь шиг байна. Уг нь бол тавин мянган хүн тутамд нэг түлэнхийн эмнэлэг байх олон улсын стандарт байдаг ч өнөөдрийн байдлаар Монгол Улсын гурван сая иргэний дунд ердөө л ганцхан түлэнхийн тасаг эмнэлгээс эмнэлэг дамжин үйлчилж байна. Эмнэлэг бус тасаг шүү. Нидэр дээрээ Монгол Улсад ийм эмнэлэг байхгүй гэсэн үг.
Энэ бол жинхэнэ эмгэнэл, дампуурал. Хуучин 150 ортой Түлэнхийн төв эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан ч одоогийн байдлаар 80 орчим ортой тасаг болтлоо үйл ажиллагаа нь хумигджээ. Тус тасгаар зөвхөн түлэгдсэн хүмүүс үйлчлүүлдэггүй. Өвөл болохоор хөлдсөн, хайрагдсан хүмүүс нэмэгдээд ачаалал нь асар их нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар “Мөнгөн гүүр”-ийн байранд коридортоо хүртэл өвчтөнөө эмчилж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс ГССҮТ-д очлоо ч энэ байдал дээрдэхгүй юм билээ. Гэхдээ ийм хүнд нөхцөлд ч гэсэн өргөсөн тангарагаа ухамсарлаж өвчтөнийхөө төлөө гэсэн халуун сэтгэлээр ажлаа хийсээр байгаа түлэнхийн эмч нарт талархаад барамгүй.
Түлэнхийн төвөөр үйлчлүүлэгчийн ихэнх нь дунд болон дундаас доогуур орлогтой хүмүүс байдаг учраас дарга нар энэ төвийн үйл ажиллагааг сайжруулах, орон байртай болгох асуудалд анхаарлаа хандуулдаггүй талаар аргаа барахдаа түлэнхийн эмч халагласан удаатай. Тийм ч байж мэдэх юм. Гэхдээ өвчин хэнийг ч ялгадаггүй, хэлж бус хийсч ирдэг гэдэг.
ГССҮТ-ийн шинэ даргаар сонгогдсон З.Мэндсайхан “Банк эмнэлэг хоёр дампуурах нь амархан. Дампуурвал нийгэмд хамгийн хүндээр тусдаг” хэмээн хэлсэн байна лээ. Харин сайд дарга нар маань ирээдүйн дампуурлын талаар ярьж байх хооронд эмнэлгийн салбар маань аль хэдийнэ дампуурчихаад байна.
Д.БҮҮВЭЙ
URL: