Гацууртын алтны орд Цагаан суваргын адил “ноход”-ын гараар орох нь бараг л тодорхой

64d86f57-cb7e-4d78-af83-1ac54f34dde3Монгол улсын Засгийн газар өчигдрийн хурлаараа “Гацуурт” алтны ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Энэ уг нь сайхан мэдээ.

 

Гэвч саяхны жишээг санавал бас итгэж үл болох асуудал. Засгийн газрын шийдвэрээр бол Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмших “Эрдэнэс-Гацуурт” хэмээх хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг УИХ-д оруулж байгаа юм.

 

Гацууртын ордыг ашиглах “Эрдэнэс-Гацуурт” ХХК өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-аас гаргуулах юм байна.

Бас “Эрдэнэс-Гацуурт” ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээнэ гэжээ.

Харин Засгийн газраас орд ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлэх юм байна. Засгийн газрын санаачилсан тогтоолтой холбоотойгоор уг ордтой холбоотой асуудлыг багцлан авч үзье.

 

Гацуурт ордын тухайд

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Гацуурт ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн гэнэ.

Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ.

 

Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв. Гацууртын орд 27,6 сая тонн хүдэр бүхий 75,9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ.

Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй ажээ. Ийм их цаашид олборлолт мөн хайгуул үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай гэдэг.

Гацууртын алтны үндсэн ордын тусгай зөвшөөрлүүд “урт нэртэй” хуулийн хамрах хүрээнд давхцдаг.

 

Хэрэв энэ ордыг стратегийн ордод оруулж, 20:80 хувийн харьцаагаар төртэй хамтран эзэмшвэл, үйл ажиллагаа нь хэвийн явах бололцоотой гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ уг ордыг Монгол улсын стратегийн ордын жагсаалтад оруулалгүй авч үлдсэн нь өнөө ч асуултын тэмдэг дагуулсаар байдаг билээ.


Стратегийн ордод 45 тонн нөөцтэй байсан Бороог оруулсан ч 100 тонн нөөцтэй Гацууртыг гадуур орхисон нь

 

Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр 27 дугаар тогтоол гаргаж, 15 ордыг стратегийн ордод, 39 ордын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар хавсралтанд бүртгэсэн билээ. Үүнд:

1.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний,

2.Улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний,

3.Эсвэл жилд монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таваас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан гэдэг.

Гэвч эдгээр 15 орд болон хавсралтад орсон 39 ордын тоонд ч багтаалгүй авч үлдсэн ордууд цөөнгүй. Үүний хамгийн тодорхой жишээ нь энэхүү Гацууртын орд болон Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний орд юм.

Гацууртыг стратегийн ордод оруулаагүйн цаад учир “Бороо гоулд” буюу “Сентерра гоулд”-тай холбоотой. Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой тэр нь холбогддог.


Сү.Батболд ба алтны ордууд

 

1990-ээд оны сүүлээр гадны том компаниуд Монгол улсад эзэмшиж байсан лицензүүдээ хаяад гарахад Сү.Батболд нар Бороо, Тавантолгой, Гацууртын ордуудын лицензийг авсан гэдэг.

Тухайн үед ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр навс унан манайхны ярьдгаар шалан дээр унасан байсан юм. Ингээд хамтарч ашиглах гадаадын хөрөнгө оруулагчийг олохоор шаргуу хөөцөлдсөөр нэгэн канад өвгөнтэй хамтарсан гэдэг.

 

Ингээд 45 тонн алттай хэмээгддэг асан Бороогийн уурхайг ашиглахаар Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээг үйлдсэн.

Энэ гэрээгээр эхний 10 жилд татваргүй, дараагийн таван  жилд тавин хувийн татвартайгаар ордыг ашиглахаар шийдсэн байдаг.

 

Гэвч Канадын “Сентерра гоулд” компани эхний 10 жилд гэхэд л 45-аа давуулан 50 гаруй тонн алт олборлосон байдаг. Одоо ч тус ордын алтны нөөц шавхагдаагүй л байна.

Энэ хооронд уг ордын Монголын талын эзэмшигч  Сү.Батболд Үйлдвэр худалдааны сайд, улмаар Ерөнхий сайдын суудалд заларсан. Ингээд Бороог стратегийн ордоос хасуулахад хүргээд буй нөхдүүд Гацуурт руу шунаж эхэлсэн.

 

Энэ бүхэнд Сү.Батболдын ил, далд оролцоо хамгийн их байсан гэдэг юм. Хэдийгээр экс Ерөнхий сайд Бороо дахь өөрийн хувийг найман сая ам.доллараар зарсан гэдэг ч түүний оролцоо тун чухал байсан нь гарцаагүй юм.

Гацуурт ордыг стратегийн ордоос бултуулсан, одоо эргүүлээд оруулах гээд зүтгээд байгаа нь ч бас хачирхалтай.


Гацуурт, Цагаан суваргын араас орно

 

Өнгөрсөн 2013 оны тавдугаар сарын 31-нд “Цайдам нуур”, “Гацуурт”, “Хөшөөт”, “Халзан бүргэдэй”, “Лугийн гол”, “Хотгор”, “Мушгиа худаг” гэсэн долоон ордыг стратегийн ордод нэмж оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй гэж үзсэн.

Засгийн газар асуудлыг хэлэлцээд “Халзан бүргэдэй”, “Хотгор”, “Мушгиа худаг”, “Лугийн гол” гэсэн газрын ховор элементийн ордууд бүрэн судлагдаагүй учраас стратегийн ордод оруулах шаардлагагүй гэж үзсэн.

“Мон Эн Ко” компанийн хөрөнгө оруулагчдын хувьд “Хөшөөт”-ийн нүүрсний ордыг стратегийн жагсаалтад оруулахгүйгээр, орон нутагтай  хамтран ажиллах санал тавьжээ.

Ингэснээр  “Цайдам нуур” болон “Гацуурт”-ын ордыг хөрөнгө оруулагчдынх нь хүсэлтээр стратегийн ордод оруулахаар болсон.

Гэхдээ л асуудал бүтэн жил болоход урагшилсангүй. Үүний цаана асуудал нуугдаж байжээ.

Өнгөрсөн хавар Цагаансуваргын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг УИХ-д оруулахад, тэд уг ордод төрийн эзэмшлийг оруулах шаардлагагүй гэж үзсэн.

Тэгэхээр энэ удаа ч үүн шиг юм болох болов уу гэж үзэх хүн тун олон байна. Мөн сайн л гэрээ хийж татвараа бүрэн авч байхгүй бол нэг л өдөр Бороо шиг хоосон бас химийн хорт бодис бүхий нүхнүүд үлдэх магадлалтай ажээ.

Тэгэхээр Гацууртын орд Цагаансуваргатай адил монголчууд биднийх гэдгээс илүүтэй гадны  “хөрөнгө-оруулагч” нэртэй нөхдүүд болон тэдний гар хөл, уяаны ноход болсон нөхөдтэй холбоотой нь ойлгомжтой хэрэг юм.

 

С.Алт

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих