15 мянган эмэгтэй үр хөндүүлжээ

9-26-11Өнөөдөр жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр. Дэлхий дээр жил бүр 208 сая жирэмслэлт бүртгэгдэж байгаагийн 85.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байдаг байна. Харин Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жилд гэхэд 15628 эмэгтэй үр хөндүүлсэн мэдээллийг албаныхан өглөө. Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийг зөв хэрэглэх, зөв амьдралын дадлын тухай ойлголтыг нөхөн үржихүйн насныханд тогтмол өгч хэвших болон тэмдэглэлт өдрийг тохиолдлуулан ямар үйл ажиллагаа өрнөх талаар Мари Стопс интернэшнл олон улсын байгууллага Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагатай хамтран өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ жилийн тэмдэглэлт өдрийн уриа бол “Хүслээр ирсэн бэлэг”. Өөрөөр хэлбэл, та бид гэр бүлээ зөв төлөвлөж хүүхэдтэй болохыг хүссэн үедээ жирэмснээс хамгаалах эм, хэрэгслээс татгалзах ёстой.

Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдрийг Монгол Улсад Мари Стопс интернэшнл олон улсын байгууллага нь 2007 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд бид дэлхийн 70 гаруй орны нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус 11 байгууллагын эгнээнд нэгдэн оржээ. Мари Стопс интернэшнл олон улсын байгууллага өнгөрсөн онд 160 мянган хосод жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг нийлүүлсэн байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд өнөөдөр Мари Стопс эмнэлэгт 09:30-17:30 цаг хүртэл, дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд 8:00-17:00 цагийн хооронд жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, жирэмснээс хамгаалах хэрэгслийг өгөх юм байна. Мөн энэ өдрүүдэд гэр бүл төлөвлөлтийн ач холбогдол, жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн талаарх цуврал нийтлэлийг Goolingoo.mn цахим хуудаст байршуулж байгааг хурал зохион байгуулагчид хэллээ. Үүнээс гадна маргааш үдээс өмнө Чингисийн талбайд “Гэр бүл төлөвлөлтийн өртөө” зөвлөгөө мэдээллийн мэргэжлийнхэн өгөх юм байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 1000 эмэгтэй тутмын 552 буюу 55.2 хувь нь жирэмслэхээс хамгаалах эм, бэлдмэл хэрэглэдэг юм байна. Хэдийгээр энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулсан ч өссөн үзүүлэлт болж байгаа ч үр хөндөлтийн тохиолдол буурахгүй байгааг ЭМЯ-ны мэргэжилтэн М.Хишгээ хэллээ. Нөгөө талаар жирэмснээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээ бага байгаа нь бэлгийн замын халдварт өвчин авах эрсдэл бий болгосоор байдаг ажээ.

Үр хөндүүлж байгаа нийт эмэгтэйчүүдийн найман хувь нь өсвөр насныхан байдаг байна. Тэдний хамгийн бага нь 12-13 насныхан байгаа гэнэ. Тиймээс өсвөр насныханд багаас нь зөв амьдралыг хэвшүүлэх сургалт, мэдээллийг сургуулийн орчноор нь дамжуулж өгөх нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Б.ЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих