Н.Мөнх-Эрдэнэ: 33 тонн “АИ 80″ тээвэрлэж явсан ачааны машин шатсан
Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу түлш тээвэрлэж явсан автомашин шатсан хэрэг энэ сарын 21-нд гарсан. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт гал гарчээ. Энэ талаар Төв аймгийн Цагдаагийн газрын байцаагч, ахмад Н.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Шатахуун тээвэрлэж явсан автомашин суурин газраас хэдэн километрийн зайд шатсан бэ?
-Лүн сумын төвд гал гарсан юм биш. Гал хатуу хучилттай зам дээр гарсан. “Нуundai Тгасk” маркийн 3955 УНЗ улсын дугаартай ачааны машин шатсан. Хүний амь эрсэдсэн зүйлгүй.
Тухайн машинд жолоочоос гадна нэг зорчигч байсан. Жолооч болон тухайн зорчигчийн бие эрхтэн түлэгдэж, гэмтсэн зүйл гараагүй. Өөрөөр хэлбэл, гал гарахаас өмнө машинаас бууж амжсан.
-Гал гарсан шалтгааныг тогтоосон уу. Эх сурвалжид тухайн автомашины дугуй хагарсан байсныг жолооч мэдээгүй хол явснаас болсон гэж байна?
-Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. ОБЕГ-ын галын дүгнэлт гарч байж шалтгаан тодорхой болно. Түүнээс дугуй хагарсан байсныг мэдээгүйгээс болсон гэж шууд хэлж болохгүй. Дуудлага аваад очиход машин бүхэлдээ шатсан байсан. Жолооч дугуй шатсан гэж мэдүүлсэн.
-Нийслэлээс хэдэн километрийн зайд гал гарсан юм бэ?
-Улаанбаатар хотоос 89, Лүн сумаас 30 километрийн зайд орон нутгийн замд шатсан. Говь-Алтай аймгийн Тонхил суманд шатахуун хүргэхээр тээвэрлэж явсан юм билээ.
-Хэдэн литр шатахуун ачиж явсан бэ. Хохирлын хэмжээг тогтоосон уу?
-Нийт 33 тонн “АИ80” түлш ачиж явсан. Жолооч гал гарч байгааг мэдээд галын хор бүх зүйлээ хэрэглэсэн ч унтрааж дийлээгүй гэсэн. Хэдийгээр ёомкос дэлбэрч хээрийн бүс түймэрт автаагүй ч автомашины 90 гаруй хувь нь шатсан. Хэрэв хуурай өвс түймэрт автсан бол их хэмжээний хохирол амсах байлаа.
Б.Дэлгэр
Эх сурвалж: Монголын үнэн
URL: