Монгол цэрэг НАТО-д
НАТО-гийн Умард Атлантын зөвлөл 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг “НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүд”-ийн сүлжээнд оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаас Монгол Улсын Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв/ЭДАСТ/-ийг НАТО-гийн боловсрол, сургалтын төв гэж хүлээн зөвшөөрч баталсан байна. Энэ талаар тус байгууллагын Улс төр, аюулгүй байдлын бодлогын ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ хэмээн assiarussia.ru сайт мэдээлжээ.
Монгол улсын сургалтын төв НАТО-гийн сүлжээний 24 дэх гишүүнээр нэгдэн орж буй бөгөөд НҮБ болон НАТО-гийн мандат дор энхийг сахиулах үйл ажиллагааны цэргийн сургалт, семинар, бага хуралд болон олон улсын талбарт дасгал сургуулилт хийхэд оролцох болно.
2010 онд Монгол Улсыг төлөөлж Лувсанвандангийн Болд НАТО-гийн Батлан хамгаалах яамны төв байранд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Клаудио Бизоньеротой уулзсан. Энэ үеэр Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчин (ОУЭТХ) Монгол Улсын оруулах хувь нэмрийг хүлээн зөвшөөрч байжээ.
НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд гишүүн болон түнш 23 орны 26 төв багтаж байсан бол Монгол Улс 24 дэх орон, Зэвсэгт хүчний ЭДАСТ нь 27 дахь төв болж байна. НАТО-гийн сургалт, боловсролын төвүүдэд Монгол Улсаас 2013 онд 28 төрлийн арга хэмжээнд 33, 2014 оны 8 дугаар сарын байдлаар 39 цэргийн болон иргэний алба хаагчдыг хамруулжээ.
Эдгээр төвүүдэд төрөл цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг. Энэ жил манайхаас гадна АНУ-ын Тусгай ажиллагааны нэгдсэн их сургууль, Маршаллын төвийн дэргэдэх Хэлний сургалтын төв тус сүлжээнд элсэхээр мэдүүлгээ өгснөөр манай ЭДАСТ-ийг ийнхүү баталжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
URL: