Шатахууны үнийг нэмсэн нь тогтоогдвол улсын орлого болгоно

Дизель түлшний хомсдолыг дагаад АИ 92 шатахуун хомсдож импортлогч компаниуд гэрээтэй газрууддаа л картаар олгох болсон. Гэвч иргэдийн дунд энэ бол зохиомол хомсдол шатахуун борлуулагч компаниуд хиймлээр хомсдол үүсгэж, үнээ өсгөх гэж байна гэх гомдол бий. Тиймээс бид үнэхээр шатахууны хомсдол нүүрлэсэн үү, эсвэл зохиомол хомсдол уу гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайханаас тодрууллаа.

-Шатахуун түгээх станцууд шатахуунаа картаар олгохоор шийдснээ танайд мэдэгдсэн үү?
-Нөөц хангалттай байгаа ч иргэд их хэмжээгээр авч нөөцлөн зохиомол хомодол үүсгэхээс сэргийлж картаар олгох үүргийг гэрээтэй компаниуддаа өгсөн. Нөгөөтэйгүүр гэрээтэй компаниудаа шатахуунаар хангах зорилготой байсан. Гэвч энэ нь иргэдэд хүндрэл учруулж байсан учраас өчигдрөөс эхлэн картаар төдийгүй бэлэн мөнгөөр шатахуун олгож эхэллээ.

-Үнийн хувьд АИ-Э2 бензенийг 2000 мянгаар зарж байгаа. Дураараа үнэ нэмж буй компаниудад хариуцлага тооцох уу?

-АИ-92 бензиний худалдах үнийг 1500 төгрөг гээд заачихсан байхад үнэ нэмж зарах нь хууль бус үйл ажиллагаа. үнэ нэмсэн асуудал станцуудын түгээгч нартай холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Хэрвээ заасан үнээс илүү үнээр зарж байгаа бол холбогдох албаны хүнд мэдээлэл өгч шалгуулах ёстой. Мөн компаниуд дур мэдэн шатахууны үнээ нэмсэн нь тогтоогдвол илүү олсон орлогыг нь улсын орлого болгох арга хэмжээ авна.

-Тун удахгүй үндэсний баяр наадам болно. үүнтэй холбоотойгоор шатахууны эрэлт ихсэх нь ойлгомжтой. Ер нь хэд хоногийн нөөцтэй байгаа вэ. Ирэх сард хичнээн тонн нефтийн бүтээгдэхүүн авахаар захиалсан бэ?

-Зургадугаар сард нийт дүнгээр 25 мянган тонн АИ-92 шатахуун захиалснаас “Роснефть” компаниас авах найман мянган тонн шатахуунаа авч байгаа. Мөн бусад эх үүсвэрээс 14 мянган тонн АИ-92 орж ирсэн. Ерөнхийдөө энэ сард нийтдээ 85 мянган тонн авто бензин орж ирсэн. Одоогоор нөөцөнд 15 мянган тонн АИ-92 бензин бий гэдэг утгаараа хангалтай нөөцтэй гэж ойлгож болно.

Харин ирэх сарын хувьд улсын хэмжээнд 143 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн авахаар захиалга өгснөөс эхний ээлжийн гэрээнүүд хийгдсэн. Захиалгын дагуу орж ирэх бүтээгдэхүүн нь манай улсын хоёр сарын хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээтэй. Тиймээс баяр наадмын үеэр шатахууны асуудал харьцангуй хэвийн байна гэж ойлгож болно гэсэн юм.

Н.Бэлгүтэй

Эх сурвалж: “Улаанбаатар  таймс”


URL:

Сэтгэгдэл бичих