Айлгагч төртэй ардчилсан улс
“Ямар их хувь заяагаар бид ардчилал гэгчийг олж, ардчилсан улс гэж дэлхийд танигдах болов” хэмээн олон хүн боддог. Бид юу дуртайгаа бичиж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дуртайгаа идэж, ууж, ажил хийхгүйгээр амьдарч болдог ардчилсан оронд аж төрж байгаа мэт сэтгэгдэл төрдөг нь үнэн.
Хэдий тийм боловч социалист нийгэм, тоталитари дэглэмийн үлдэгдэл өнөөг хүртэл дэлхийгээс бүрмөсөн арилаагүй шиг ардчилсан Монгол Улсад ч зарим үзэл санаа, илэрхийллээрээ оршин байгаа санагдаад байх болов. Үүнийг төрийн байгууламжийн зарим хэсгийн үйл ажиллагаа, дүрэм, журмаас харж болохоор байна.
Энгийн нэгэн жишээг баримт болгон энэ тухай тайлбарлаж, өгүүллийнхээ гол санааг гаргаж болно. Энэ бол төрийн нэртэй дүрэмт хувцасны тухай юм. Өдгөө төрийн аппаратын нэг хэсэг болон ажиллаж буй 28 агентлагийн яг тал хувь нь буюу 14-ийнх нь албан хаагчид заавал дүрэмт хувцас өмсөх журамтай,үлдсэн нь ямар нэг байдлаар өмсч байна. Цагдаа, цэрэг, шүүх зэрэг дүрэмт хувцастай байх зайлшгүй шаардлагатай байгууллагууд гэж байна. Гэтэл төрийн өмнөөс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг, зүгээр л үйлчилгээний байгууллагын ажилчид дүрэмт хувцас өмсч иргэдийг төрийн нэрээр сүрдүүлэх тактикаар ажлаа явуулдаг жишиг нэгэнт тогтжээ.
Ардчилсан нийгмийн үндсэн зарчмууд гэж бий. Энэ бол төр иргэнийхээ өмнө үйлчилгээ үзүүлж, иргэдээ халамжлах ёстой. Халамжилна гэдэг нь зүгээр суулгаад мөнгө өгөхийг хэлээгүй, харин ард түмнийг сайн сайхан амьдруулах бүх нөхцлөөр хангаж өгөхийг хэлж буй хэрэг. Харамсалтай нь яг одоогийн дүр төрхөөр бол Азийн ардчилсан Монгол Улсад дам утгаараа айлган сүрдүүлэгч төр ажиллаж байна. Бодоод үз дээ. Цагдаа, хилийн цэрэг,тагнуул, шүүхийн шийдвэр, гааль, онцгой байдал, Тахарын газар гээд цэрэгжсэн бодлоготой, төрийн дүрэмт хувцастай газрууд хангалттай байна. Гэтэл үүн дээр Татвар, Мэргэжлийн хяналт, Иргэний харьяатын газар, Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн газар, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Ашигт малтмал, Иргэний нисэх гэх мэтээр албаны дүрэмт хувцас өмсч ард түмэнд сүрийг үзүүлэх шаардлагагүй олон агентлаг байх юм. Эдийн засаг талаасаа ч энэ бүхэн иргэдэд хохиролтой. Тэд ард түмний татварын мөнгөөр энэ хувцсыг авч өмсч байгаа. Нээлттэй, ил тод байсан хэдэн газрын дүрэмт хувцасны зардлыг жишээ болгон авч үзлээ.
Хамгийн их өртөгтэй нь мэдээж цагдаа байна. Тэд энэ оны төсөвт 3,9 тэрбум төгрөгийг хувцасны зардалд төсөвлүүлжээ. Цаашлаад тагнуул 94 сая, гааль 371 сая, шүүхийн шийдвэр 465 сая, иргэний нисэх 12 сая, нийгмийн даатгал 33 сая, Улсын бүртгэлийн газар 25 сая төгрөгийн төсвийг энэ онд авахаар нормын хувцас, зөөлөн эдлэл гэсэн нэршлээр төсөвт “суулгасан” байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа үед төсөв, санхүү хэмнэх талаасаа төрийн албаныхны дүрэмт хувцасны ийм их зардлыг танах нь нөгөө Ерөнхийлөгчийн яриад байдаг “Том төрөөс ухаалаг төр рүү “ гэдэгтэй дөхөх учиртай юм.
Мөнгө төгрөг нь хамаа юу гэхэд нийгмийн сэтгэл зүй, төрийн байгууламж талаасаа энэ их дүрэмт хувцастан ардчилсан нийгэмтэй Монгол Улсыг арай муухай харагдуулж байна гэж болно. Яг энэ сэдвээр яг нэг жилийн өмнө нийтлэлч Баярхүү нэгэн өгүүлэл бичиж байсан юм. “Дүрэмт хувцасны сүрлэг эрин” хэмээх түүний нийтлэл тухайн үед олны анхаарлыг нэлээд татаж байлаа. Энэ нийтлэлд“ Хэрэв Та ардчилсан дэглэмтэй баруун, зүүний аль нэг улсаар явсансан бол тэнд Та цагдаа, замын цагдаа, цэрэг, гал командын, онцгой байдлын гээд аль нэг мөрдэстөн гудамжинд явж байхтай таарсан уу?
•Вашингтон хотын цагдаагийн даргыг тэнд олон жил амьдарсан монгол хүн олж мэдсэн болов уу?
•Японы замын цагдаагийн дарга гэж хэний хэн гэгч, ямар цолтой, ямар эхнэртэй, ямар машин унадаг, ямар хауст суудаг эрхэм байдаг вэ?
•Германы хил хамгаалах албаны штабын дарга нь хэн гэгч генерал байдаг бол гэхчлэн. Иймэрхүү мангар асуултыг монголчууд хөлхсөн гадаадын аль ч улс дээр тавьж болно. Гэхдээ тэгэх нь гол биш, би эдгээр асуултад Таниас хариулт хүсье. “Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар” гэх нэр томъёог анх Ерөнхийлөгчийн амнаас бид сонсож, тэд нь ардчилсан нийгмийнхээ дээр хэрхэн гарч суучихаад байгааг олж мэдсэнсэн. Түүнд Та юу гэж хариулах бол? Би ингэж хариулна. Үүнд аливаа ардчилсан засаглалтай, нээлттэй, хүний эрхийг дээдэлдэг улсад “хүчний” гэсэн тодотголтой байгууллага, албад, албан хаагчид нь ямагт цөөн тоотой, байгаа нь ч хөшигний ард, цэргийнхэн ба цэрэгжсэн албад нь нийгэмд гоцолдоггүй, тэд баян тансаг анги давхаргад багтдаггүй, дээшээ өндөр авдаггүй, энгийнээр бол тийм нэр хүндтэй, лут хүмүүс байдаггүй жамтай юм гэнээ. Тэндхийн “Ардчилал” гэдэг нь цэрэгжсэн институцитай нь гал ус мэт харшлах хуультай юм байна. Тиймдээ ч АНУ, Япон, Европ, Солонгос, Сингапурын гудамжинд цагдаа тэгтлээ ил явдаггүй, хэвлэл мэдээллээр нь тэднийг сурталчилдаггүй, орой болгон зурагтаар замын цагдаа ярьдаггүй, АНУ-д хилийн алба нь гаальтайгаа цуг, хил дээр паспортоо шалгаад хүсвэл гаалийн үзлэг хийдэг ёстой гэнэ. “Ардчилсан” гэдгийн нэг гол хэмжүүр нь ийм юм гэнээ. Хэрэв мөрдэстөнгүүд голлоод гоцлоод ирвэл тэр нь “Хагас ардчилсан”, “Дарангуйлагч” нийгмийн шинж гэнэ. Чухам 1930,1940-өөд оны Герман ийм лут хүмүүсээр нийгмээ удирдуулж, тэд нь ч жинхэнэ нийгмийн цөм байсан ба харин тэд улс үндэстнээ, Европ, дэлхийг яаж баллах шахлаа” хэмээн бичсэн байна. Энэхүү нийтлэлийн санаатай яг таарч байсан учраас түүний өгүүллийн хэсгээс оруулж байгаа юм.
Энэ бүхнийг дурдаж байгаагийн учир нь манай төрийн байгууллагууд хэт их цэрэгжиж, цагдаажиж, хүчнийхжсэн нь илт байна. Тэд иргэдийн татварын мөнгөөр төрийн нэртэй дүрэмт хувцас өмсч эргээд формныхоо цаанаас ард түмэнд сүрийг үзүүлэх замаар ажлаа явуулж байгаа нь ардчилсан гэж дэлхийд нэрлэгдээд байгаа Монгол Улсад тохирох арга зам биш байна. Нэг жишээг онцлоод дахин авч үзье. Иргэдээс татвар хурааж эргээд иргэдийн сайн сайхны төлөө үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй татвар, гааль, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал,нийгмийн халамжийнханд төрийн дүрэмт хувцас өмсөх ямар шаардлага байгаа юм бэ. Тэд зүгээр л үйлчилгээний байгууллага, үйлчилгээний ажилтнууд шүү дээ. Харамсалтай нь ийм хувцас өмсөх сонирхол тэдэнд их. Төрийн хувцасны цаанаас иргэдийг айлгах, ажлаа амар хялбар бүтээх эрх ашигт зангидагдаж өдгөө Монгол Улс тоталитари дэглэмтэй коммунист орон шиг хаа сайгүй дүрэмт хувцастангуудаар дүүрчихээд байна. Баярхүү нийтлэлч “Дүрэмт хувцасны сүрлэг эрин” өгүүллийнхээ эхэнд “Нацистын Германы СС, СА, СD (аюулгүйн алба), СС-ийн Хохимой толгой, СС-ийн Тусгай команд, Вермахт, Абвер, Гестапо, Люфтваффе, Германы хөдөлмөрийн фронт, Рейхсбаннер, Гитлер Югенд гээд хөвөрч өгдөгсөн. Юун нэрс болохыг уншигчид хэлүүлэлтгүй. Энэ бол Нацистын Германы цэрэгжсэн, цагдаажсан нийгмийн тоталитари дүр зураг нь. Хядлагын маш том машин ажиллуулж, нийгэм нь тэр чигээрээ төрийн нууц цагдаагийн хяналтад, ардчилал хүний эрх хүчнийхний улан дор, милитаристууд нь нийгэмд өндөр авсан бол аль ч тоталитари харгис дэглэмд байдаг ердийн дүр төрх нь энэ” хэмээн онцолсон байна лээ.
Энэ зүйрлэл хэт их сүржигнэсэн байж болох ч бидний байгуулсан ардчилсан төр засгийн өнөөгийн дүрэмт хувцасжсан байдал,ажлын арга барил нь яг ийм нийгмийн өнгө төрхийг сануулахгүй байна гэж үү. Хэрэв төрийн албан хаагчид ард түмнээсээ заавал ялгарах ёстой гэж үзэх юм бол энгэрийн тэмдэг, хүзүүний алчуураар ижилсэж төрийн үйлчилгээ үзүүлэгчид гэдгээ таниулж болно. Тэгээд ч төрийн сүр хүч дүрэмт хувцсандаа байдаггүйг өнгөрсөн түүхүүд бэлхнээ гэрчилж байдаг билээ. Төрийн алба дүрэмт хувцастангуудаар дүүрлээ гээд хөгжил ирсэнгүй. Харин ч айлгагч төртэй ардчилсан нэртэй улс болж харагдуулаад байна.
Ө.БАТХҮҮ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: