Алга болсон залуугийн унаж явсан машин ч олдоогүй байна
-ТҮҮНИЙ ДҮРС ЗАМЫН КАМЕРЫН БИЧЛЭГТ БИЧИГДЭН ҮЛДЖЭЭ-
Энэ сарын 15-ны өдөр АПУ компанийн “Ариун алтан тэвш” гэрээт борлуулалтын дэлгүүрийг ажиллуулдаг Б.Алтанхуяг ор сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Тэрээр Хужирбулан, Гачуурт, Налайхын чиглэлд борлуулалт хийхээр ачааны микроавтобустай явсан, машиндаа 7-8 сая төгрөгийн бараатай, биедээ дөрөв орчим сая төгрөгтэй явсан гэж ар гэрийнхэн нь хэлсэн гэдэг.
Цагдаагийн албанаас авсан мэдээллээр, алга болсон залууг эрж хайж ажиллагаа үргэлжилж буй юм байна. Өнөөдрийн байдлаар түүний унаж явсан машин нь ч олдоогүй байгаа аж. Энэ нь эрлийн багийнхныг ихэд гайхшруулж буй бөгөөд сураггүй болсон хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Алга болсон залуугийн дүрс замын камерын бичлэгт л үлдсэн байгаа аж. Тодруулбал, хамгийн сүүлд Хонхорын “Хадагт мянган” гэх хүнсний дэлгүүрт бараагаа нийлүүлчихээд дэргэд нь байрлах цайны газар ороод гарсан. Улмаар 15.40 цагт хөдлөн хотын чиглэлийн авто замын хөдөлгөөнд оролцсон нь замын камерын бичлэгт бичигдэн үлдсэн байна.
Тэрээр алга болох үедээ шаргал өнгийн богино хүрэм, дотуураа энгэрээрээ саарал оруулгатай цэнхэр цамц, шаргал өнгийн өмд, гутал, саравчтай хар малгайтай явжээ. Эх сурвалжийн хэлснээр, түүний унаж явсан машины ул мөр олдохгүй байгаа учир эрлийн багийнхан олон янзын таамаг гаргаж, эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа боловч ямар ч сураг гараагүй байгаа аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
URL: