Ерөнхий прокурорын талаар гаргасан гомдлоор Цэц маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзжээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Ц.Эрдэнэчулуун Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргажээ.
Тэрбээр өргөдөлдөө Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтийг зөрчсөн гэж үзсэн байна.
Тухайлбал, хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд элсэх өргөдөл гаргана гэснийг мөн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана гэсэн заалтыг зөрчиж, өнөөдрийг хүртэл хуульчийн мэргэжлээр ажиллах тусгай зөвшөөрөлгүйгээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна гэж үзсэн байна.
Харин прокурорын байгууллагын хуульд улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор гучин таван нас хүрсэн хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно хэмээн заасан байдаг аж. Энэ шалгуурыг ч мөн Ерөнхий прокурорыг хангаагүй гэж үзжээ.
Гэвч Үндсэн хуулийн Цэц энэ асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй хэмээн үзсэн байна. Цэцийн шийдвэрлэх харъяаны асуудал биш учраас ийм шийдвэр гаргасан гэжээ.
Цэцийн тогтоолд “Монгол улсын Ерөнхий прокурор дээрх хуулиудын холбогдох заалтыг хэрхэн зөрчсөн, түүний гэм буруугийн асуудлыг шүүх тогтоосны эцэст Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлыг харъяалан шийдвэрлэх тул маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна “ гэсэн байна.
Мөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Цэцэд дахин гомдол гаргах эрхтэйг дурджээ.
Ерөнхий прокурорыг томилогдохоос эхлэн түүнийг хуулийн байгууллагад хуульд заасан хугацаагаар ажиллаж байгаагүй гэх хэл яриа гарч байсан боловч тэгэсгээд намжиж байсан.
Ерөнхий прокурортой холбоотой гомдлыг Цэц биш шүүх шийдэх юм байна.
С.Сүрэн /Zaluu.com/
URL: