Дэд сайдууд хэлд, Төрийн нарийнууд хөлд оров
Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж, халаа, сэлгээ хийхээр хөшигний ард хуралдаж эхэлсэн нь тун сонирхолтой дүр зургийг бий болгов. Тухайлбал, засаг анх байгуулагдахад л намын томилгоогоор дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болсон, түүнээс хойш сураг тасарсан нөхдүүд гэнэт хэл ороодохов. Зурагтын суваг эргүүлэх бүрт дэд сайд гэх танихгүй нөхөр баахан юм яриад л. Хэлгүй хүн гэнэт хэлд орсонтой адил хэдэн ч цаг хамаагүй ярьж хүмүүсийг залхаана. Төлбөрөө төлөөд ярьж байгаа болохоор тэгдэг үү, эсвэл ховор хүний сонирхолтой яриа учраас тэр үү телевизүүд ч тэр чигээр нь хөврүүлж өгөх юм. Дэд сайд гэх нөхдүүдийн ярианы утгыг сийрүүлвээс дэд сайд шиг хэрэгтэй албан тушаал байхгүй. Байхгүй болгочихвол улс орны хөгжил, салбарын ажил унах гэнэ.
Мөн өөрийнх нь ажиллаж буй салбарын яам заавал байх ёстой. Тэр байхгүй, эсвэл цомхтголд орчихвол Монголын ард түмэн балрах юм байх. Танихгүй дэд сайдуудын яриа нэг иймэрхүү. Хийсэн ажлыг нь бүү хэл, нэрийг нь ч мэдэхгүй, царай зүсийг нь ч харж байгаагүй, Монголд амьдардаг эсэх нь ч бүү мэд нөхөд ийнхүү орой болгон айлуудын авдар /айлууд ихэвчлэн зурагтаа авдар дээрээ тавьдаг/ дээр гарч суучихаад өөрийгөө магтдаг болоод удаж байна. Дэд сайдууд ийнхүү дөнгөж хэлд орохтой зэрэгцэн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар гэх тамга барьсан нөхдүүд хөлд орж байна. Тэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимдаа бүтцийн өөрчдөлт хийх тухай ард түмэнд хандаж хэлсэн үг олон нийтэд цацагдсаны маргааш эхлэн Төрийн ордонг тойрсон томоохон зоогийн газруудыг хэсч, уулзалт, хэлэлцээ зохион байгуулах болсон. Тэгвэл саяхнаас Тэрэлж, Нүхт, Яармаг орчим ойрчлон уулза дугуй ширээний ярилцлага өрнүүлэх болсон байна. Зарим нь Чингис хаан хотоор дамжин Дэлүүн Болдог, Сүхбаатар аймгийн нутаг Шилийн Богд, Алтан-Овоо орчим салхинд гарч, ажил хэрэг, амин хувийн яриа, хэлэлцээгээ амжуулж яваа ажээ.
Харин олон нийтийн зүгээс тэдний заримыг дутуу хөгжсөн, гүйцэд боловсроогүй нөхдүүд, хоёр жил болж байж арай гэж хэл, хөлд ороод суудлаасаа буух нь дээ” гэцгээж байна. Гэхдээ дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар дотор боловсролтой, мэдлэг чадвар, ажлын туршлага сайтай хүн ч мэр, сэр бий. Ийнхүү засгийн бужигнаан далд эхэлж, хөшигний ар дахь тоглолтууд ид өрнөж байна.
Ч.Зотол /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: