Ургаа хад шиг байхаа болиоч
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс есдүгээр сарын эхээр бөөрний дутагдалтай иргэдэд гемодиализийн аппаратаар үйлчилдэг дөрвөн эмнэлэгт иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн байдаг.
Шалгалтад Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нарт-Эрдэнэс хувийн эмнэлэг хамрагдсан байдаг. Уг нь бөөрний дутагдалтай иргэд долоо хоногт 2-3 удаа гемодиализийн аппаратаар үйлчлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд улсын эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлэх журамтай байдаг юм билээ.
Гэтэл шалгалтын явцад иргэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гемодиализийн аппаратад 10 удаа ороход хоёрынх нь төлбөрийг төлж байсан нь тогтоогдсон байна. Энэ аппаратад нэг удаа ороход 140 мянган төгрөг төлж байсан байгаа юм. Тиймээс ШӨХТГ-аас тус эмнэлгийг хуулийн дагуу торгосон. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт гемодиализийн аппаратаар төлбөр төлж үйлчлүүлсэн иргэд ШӨХТГ-т хандан тус аппаратад орохдоо өгсөн мөнгөө буцаан авах боломжтой гэдгийг ч мэдэгдэж байсан юм.
Гэтэл өнөөдөр хэчнээн хүн төлбөрөө буцааж авсан, хэдэн төгрөгийн хохирол барагдуулсан талаар ямар ч мэдээлэл алга. Уг нь Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж тодорхой мөнгө төлж байгаа. Даатгалын мөнгөө авах болохоороо улс хэнээс ч асуулгүй хураадаг. Угаасаа ч даатгалын мөнгөө төлөхгүй бол эмнэлгийн үүдээр шагайгаад ч нэмэргүй. Гэтэл улс мөнгөө хураахдаа уургийн морь шиг ухасхийдэг байж, эргээд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ ургаа хад шиг л ханддаг нь манай эрүүл мэндийн тогтолцооны мөн чанар.
Бараг л мөнгөгүй бол үхэхээс өөр сонголтгүй болчихоод байгаа юм. Юун эрүүл мэндийн даатгал, аль ч эмнэлэгт, тэр дундаа үнэтэй аппаратад ороход үйлчлэхгүй. Уг нь үнэгүй үйлчлэх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ л үнэгүй үйлчлэх гэдэг нүдний гэм болчихлоо. Болж л өгвөл мөнгө хурааж, иргэдийн халаасыг сэгсэрчих гээд байна. Дээр дурьдсан бөөрний дутагдалтай иргэдийн үйлчлүүлэх ёстой гемодиализийн аппаратын асуудал бол бүр тартагтаа тулчихаад байгаа.
Монголд бөөрний дутагдал гэх өвчинөөр шаналж байгаа хэчнээн ч хүн байгаа юм, бүү мэд. Нарийн тоо алга. Гэхдээ л цөөнгүй хэд гэдэг нь тодорхой. Гэтэл гемодиализийн аппарат нь манай улсын хэмжээнд ердөө хэдхэн л байна. Уг нь манайхаас олигтой улс байсан бол өрхийн эмнэлгээ байг гэхэд дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр 1-2 байж байх ёстой юм. Гэтэл өнөөдөр нэгдсэн эмнэлгүүд дээр ч бараг алга. 1, 2 дугаар эмнэлэг дээр ердөө ганц ганцхан байгаа нь үнэтэй гэж жигтэйхэн.
Өвчин гэдэг мөнгөтэй хүн бүрийг дайраад байдаггүй. Мөнгөгүй хүмүүс ч их байгаа. Гэтэл нэг удаа гемодиализийн аппаратаар ороход нь 140 мянган төгрөг аваад байвал яаж бүтэх вэ дээ. Тэр болгон тийм их мөнгө өгөөд байх хүн байх уу. Төр засаг иргэдээ бага ч гэсэн бодмоор байна. Үнэ төлбөргүй үйлчлэх ёстой үйлчилгээгээ үзүүлмээр байгаа юм. Тэгэхгүй нэр төдий байгаад яана вэ. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас энэ асуудалд бага ч болов анхаарахгүй бол эмнэлгийн дарга, эмч нарын бизнес хэрээс хэтрээд байна шүү.
Н.Пунцагболд
Монголын мэдээ
URL: