“Гал үндэстэн” эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдлаа
Өчигдөр ”Гал үндэстэн” холбооны гишүүд, хоригдож буй хүмүүсийн ар гэрийнхэн тэднийг суллахыг шаардаж хэвлэлийн бага хурал зарлав. Тэд Ц.Мөнхбаяр тэргүүтэй долоон хүний хоригдсон эхнэрүүд “Гал үндэстэн” эмэгтэйчүүдийн холбоо байгуулж байгаагаа дуулган, тэднийг суллахыг шаардан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ байгаагаа мэдэгдэв.
Мөн Засгийн газарт таван шаардлага хүргүүлэхээ дуулгасан юм. Уг шаардлагад “Эх орныхоо төлөө амь нас, эрх чөлөөгөө золиослон тэмцэж байгаа иргэдээ нэн даруй суллах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг нэн даруй хэрэгжүүлэх, алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг Ашигт малтмалын газар, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар
хамтран хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоох, хууль зөрчин ажиллаж буй компаниуд Монгол орны газрын хэвлийгээс хэдэн төгрөгийн ашиг олсноо зарлах, эдгээр компани Монгол Улсад хэдэн төгрөгийн татвар төлснийг Татварын газар, Монголбанкинд хэдэн кг алт тушаасныг төв банк олон нийтэд зарлах, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг яаралтай хийж зарлах, Монголын Засгийн газар хамтарч алтны уурхай бүхий нутгуудад амьдарч байгаа, амьдарч байсан хүмүүсийн эрүүл мэнд, амь амьжиргаа хэрхэн хохирсон хохирлыг судлан тооцож гаргаж нийтэд мэдээлэхийг шаардаж байна” гэжээ.
Мөн цаашид Тэргүүн хатагтай, УИХ, Засгийн газар, театрууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын худалдааны төвүүд, хотын бүх дэлгүүр, төрийн болон төрийн бус байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүд, бүх аймаг, сум эмэгтэй хүн байгаа газар болгон очих төлөвтэй байгаагаа дуулгасан юм.
Б.Бат
URL: