Аминаас үнэтэй “агуулах”

10eced004870610899cf8ec1f352bf11original-Амьдарч байгаа хүмүүс бид

Асар дээшээ очихоо хүлээнэ

Ах дүүс, аав ээжээ уйлуулж

Агуу том шарх үлдээнэ

Харин сахиусан тэнгэр болоод

Хэзээ ч хорвоог орхихгүй болчихвол

Хүн бүрт тохиододгүй

Хамгаас том аз болно…

Энэ шүлгийг бичсэн бяцхан зүрх барилгын ослоос болоод зогссон. Ах дүүс, аав ээжийгээ уйлуулаад одсон. “Элэг эмтэрч, сэтгэл урагдам аймшигт өдөр дахин өөр нэг гэр бүлд бүү давтагдаасай” гэсэн талийгаач охины аав Б.Батсайханы хүсэл биелсэнгүй.

Гэтэл бид барилгын ослыг байх ёстой зүйл мэт санаж, дуу дуугаа авалцах осолд дөжирчихөж.

Гэтэл хоёрхон хоногийн өмнө хоёр ч барилгаас хүн унаж нэг нь газар дээрээ амиа алдан, нөгөөх нь хүнд бэртэлтэй эмнэлэгт эмчлүүлж байна. Он гарсаар хичнээн хүн барилгын ослоор амиа алдсаныг тоочих судалгаа, арга ч алга.

Сонины шарласан хуудсыг шүүрдэж суухад,

-2006 онд 73

-2007 онд 62

-2008 онд 123

2009 онд  148 барилгын осол гарч 8 хүн гэмтэж, 43 нь амь насаа алджээ. Мөн 37 хүн тахир дутуу болж, 48 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Ням-Очирын хэлснээр, 2012 онд нийслэлийн хэмжээнд барилгын ослоор 29 хүн, 2013 оны байдлаар 12 амиа алдсан гэнэ. 2010-2011 оны амиа алдсан хүнийг тооцолгүйгээр энэ он гарсаар болсон ослыг нэмбэл 2.8-хан сая монголчуудаас 100 гаруй хүн зөвхөн барилгын ослоор амиа алджээ.

Эдгээр залуус ид хийж бүтээн хөдөлмөрлөх насандаа харамсалтайгаар амиа алдацгаасан. Харин дараа нь ар гэрийнхэнд нь нөхөн олговор гэж цөөн хэдэн төгрөг өгөөд л барилгын компаниуд хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар л буй. Хэдийгээр заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн дуулддаг ч үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр хохирогч өөрийн буруутай үйлдлээс, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс болсон болоод л өнгөрдөг.

Эдгээр осол гарсан барилгын дотор УИХ-ын гишүүдийн компаний барьсан барилга ч бий. Гэсэн ч гэмгүй царайлаад, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэх нь байтугай тус газарт огтоос хамаагүй царайлж, хэргээ баллуурдах гэж утас цохих нь энүүхэнд болжээ.

Осол гарсаны дараа мэргэжлийн хяналтынхан аль нэг газар руу буруугаа чихээд өнгөрдөгөөс биш урьдчилан сануулах, аюулгүй ажиллагаагаа хангадаггүй барилгын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар хийсэн нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох ажил хийсэнгүй. Мөнгөний төлөө улайрсан барилгын салбарынхан нэгийг нь нөгөөгөөр нь тулах нь холгүй барилгын стандарт, нормыг зөрчиж байхад мэргэжлийн байгууллагынхан түүнийг нь хүлээн зөвшөөрсөөр л байна. Иймэрхүү гомдол 1111 тусгай дугаарт бишгүй ирсэн талаар мэдээлдэг ч бусдын эрхэнд халдан зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудтай хариуцлага тооцсон тухай олж харсангүй. Харин ч эсэргээрээ барилгын стандартад огтоос нийцэхгүй орон сууцыг хүлээж авч, иргэдийг хохироосоор л байна. Сүх далайтал үхэр амгалан гэгчээр осол гарвал бусад руу чихчихээд бусад үед нь найзлаад явж байдаг төрийн хяналтыг яалтай билээ.

Эрдэнэт хүн амиа алдаж байхад байх ёстой зүйл мэт өнгөрч, барилгын компанийнх нь нэрийг хүртэл зарлахгүй байгаа нь бүр зэвүү хүргэнэ.

Бурууг тохсон хохирогчдын гомдсон сүнс хорогдсон барилгын компаниудаа цэгцэлж, иргэдийнхээ амь насыг аврах цаг болсон юм биш үү,  булайнууд аа?!

Л.ХАЛИУ 

NEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих