Су.Батболд: Пропорциональ, мажоритарын хувь адилхан байх эсэхийг хэлэлцэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Су.Батболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох нь тодорхой боллоо. МАН-ын зүгээс Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-УИХ нэгэнт хэлэлцэж эхэлсэн асуудлаа зогсоож, дундуур нь өөр асуудал хэлэлцдэгээ болих хэрэгтэй. Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг УИХ-ын чуулганд оруулж ирэх ёстой гэж бодож байна. Дараа нь бүтэц хэлэлцэхээр бол ямар асуудал оруулж ирэхээс нь шалтгаалан манай намын зүгээс бүтцийн өөрчлөлт хийгээд өнгөрөх үү эсвэл Засгийн газарт хариуцлага тооцох уу гэдгээ тухайн үед нь шийднэ. Анхнаасаа Засгийн газар нүсэр бүтэцтэй ажилласан. Хоёр жил ийм зохион байгуулалттай байсан. Одоо хөрөнгө мөнгө зарсан ажил болох болов уу. Ялангуяа, өнгөн төдий бүтцийн өөрчлөлт хийхээр асуудалд хандах нь оновчтой шийдэл биш гэж үзэж байна.
-Үүнтэй холбоотой зарим сайд дэмжиж буйгаа илэрхийлээд эхэлсэн. Харин зарим нь энэ өөрчлөлтийг зөвхөн АН-ын сайд нарт хамааруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ хэр оновчтой шийдэл бол?
-Засгийн газар гэдэг кабинет болоод бүхэлдээ хамтын хариуцлага хүлээдэг. Ялангуяа, Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй, ёстой. Тиймээс хамтарсан байдлаар ажилласаар ирсэн. Хариуцлага хүлээхгүй гэвэл төрт ёсны одоогийн тогтолцоонд байх ёсгүй зүйл болно.
-Хариуцлагыг хамааралтай бүх хүнд тооцно гэлээ. Тэгэхээр МАН-тай ч холбоотой болох байх?
-Бид засгийн эрх барьж байх хугацаандаа хийдгээ хийсэн. Эдийн засгийн өсөлт гарч байсан уу гэвэл тийм. Цаашлаад ард түмний амьжиргааг сайжруулах талаар хийх ёстойгоо хийж байсан. Харин өнөөгийн эдийн засгийн энэ хүндрэл хэзээ яаж бий болов гэдгийг бид хангалттай хэлж, ярьсан. Олон нийт нүдээр үзлээ. Тийм учраас хариуцлага хүлээх субъект нь олонхи. Ер нь Засгийн эрхийг өгч авах асуудлыг тийм амар тохиролцчихдог юм биш. Сонгуулийн үр дүн, ард түмний санал, сонголт ямар байгаагаас шууд хамаардаг Үндсэн хуулийн тогтолцоо бий. Энэ зарчмаараа асуудлыг шийдэх учиртай.
-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад УИХ-аар хэлэлцэх асуудлуудыг тодорхойлсон. Үүнд Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл багтсан байгаа. Хамгийн их хүлээлттэй байгаа энэ хуулийн төслийн ажлын хэсгийн ажил ямар шатандаа явж байгаа бол?
-Ажлын хэсэг УИХ-ын чуулган завсарлахаас өмнө эхний байдлаар нэг удаа хуралдсан. Ажлын хэсгийн хүрээнд зарчмын зарим нэг зүйл дээр тохиролцсон. Бид ажлын хэсгээс гарсан саналыг намуудад хүргүүлсэн. Тухайлбал, сонгуулийн пропорциональ тогтолцоогоо хэвээр үлдээе. Гэхдээ пропорционалийг хийхдээ ямар ямар саналуудыг намын бүлэгт хүргүүлэх вэ гэдгийг анхаарах нь зүйтэй. Одоо байгаа тогтолцоогоо хэвээр нь аваад явах уу эсвэл пропорциональ болон мажоритарын хувийг адилхан болгох уу гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Түүнчлэн жагсаалт нь энгийн байх уу эсвэл жагсаалтыг сонгуулийн үр дүн гарсны дараа авсан саналаар нь хуваах уу зэрэг олон зүйлийг намын бүлгүүдэд хүргүүлэх нь зүйтэй. Намын бүлгээс ажлын хэсэгт орсон гишүүдээс хэд хэдэн асуудалд санал зөрж байгаа. Түүний нэг нь санал тооллогын асуудал юм. Автомат санал тооллого нь иргэдийн итгэлийг хүлээж чадахгүй байна. Сонгогчид энэ байдалд итгэхээ байлаа. Тийм учраас бүх тойрог дээр дахин гараар тоолдог аргыг баталгаажуулах хэрэгтэй гэсэн саналууд гарсан. Хоёрдугаарт, порпорционалийг иргэд шүүмжилж байна. Гэхдээ энэ байдалд иргэдийн саналыг тусгасан хэлбэр рүү яаж орох вэ гэдэг зүйл гарч ирж байна. Гуравдугаарт, мажоритар системийн хувьд ялгаагүй том тойрог биш нэг тойргоос нэг хүн сонгогддог системтэй байх ёстой гэсэн саналуудыг хүргүүлсэн. Одоо намын бүлгүүдээс санал ирэхээр ажлын хэсэг дахин хуралдаж урьдчилсан байдлаар цаасан дээр буулгана. Түүнийгээ гишүүдэд тарааж танилцуулах учиртай юм.
-Сүүлийн үед МАН Лениний музейг их хэмжээний өрийн барьцаанд тависан гэх яриа гараад байна. Энэ талаар та юу мэдэх вэ?
-Ямар ч нийгэм байж болно. Бид ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байна. Гэтэл аливаа байгууллагын өмчид хууль бусаар ханддаг. Төрөөс өмчийг нь хурааж авдаг. Хувь хүн болон олон нийтийн өмчийг хурааж авахаар завддаг байдал газар авчихлаа. Өнөөдөр нэг байгууллагын өмчийг хурааж байна. Харин маргааш таны өмчийг хураахыг үгүйсгэхгүй. Ийм байдлыг гаргуулахгүй байх ёстой гэдэгт намын гишүүд санал нэгддэг.
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: