Нэвтрүүлэгч С.Чимгээг МонголTV “үнэ цохиж” авчээ
Монголын тайз дэлгэцийн урдаа барьдаг сайхан хүүхнүүдийн нэг бол МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч С.Чимгээ юм. Айлын ууган охин тэрээр аравдугаар ангиа төгсчихөөд өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу ОХУ-ад очиж суралцсан бөгөөд дараагаар нь СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг. Дуучин Наран, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Ариунболд буюу Бооёо, Батхуяг буюу Амбий, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний ангийнх. Тухайн үед сургуулиа төгсчихөөд жүжигчин мэргэжлээрээ яваагүй, харин Монгол телевизэд нэвтрүүлэгчээр орон 20 шахам жил МҮОНРТ-ийн нүүр царай болсон.
Монголын хамгийн үнэ хүндтэй, өндөр ханштай хөтлөгчдийн нэг тэрээр унаган орос хэл, англи хэлтэй, загварынхантай эн зэрэгцэх бие хаа, царай зүстэй. Миссийн тэмцээн хөтлөхөд зарим оролцогчдоос нь сайхан харагддаг гэвэл хэтрүүлсэн хэрэг бишээ.
Нэвтрүүлэгч С.Чимгээ МҮОНТ-ийн 45 жилийн ойгоор, урлагийн мэргэжилтэй, урлагийн тодорхой боловсролтой найз нөхөдтэйгээ хамтарч, “Нэг л дотно” хэмээх дуу яруу найргийн цомог гаргаж байв. Тэрээр “Алтан гадас” одонтой. Гэхдээ энэ шагналаа тэр наадам хөтлөхдөө л хааяа зүүдэг гэнэ лээ. Гурван охиноо бие даах чадвартай, урлагт элэгтэй, харилцааны соёлтой, мэдлэг боловсролоо эрхэмлэдэг байхыг цаг ямагт захидаг аж.
Харин энэ хатагтай буурь сэлгэж, МонголTV-ийн “Оргил Цаг” мэдээллийн хөтөлбөрийг хөтлөх болсон байна. Түүнд багагүй хангамж, цалин амлан МҮОНТ-ээс “урвуулсан” биз ээ.
www.times.mn
URL: