Замын зохицуулагч уу, торгууль тавигч уу?

Сүүлийн хэд хоног нийслэлд бороо хур элбэг, зам талбай шалбааг усаар дүүрч эхлэв. Бороо орсны улмаас замын гэрлэн дохио ажиллахаа больдог явдал аль хорь гаруй жилийн өмнө байсан. Энэ явдлыг эцэс болгохоор өнгөрсөн жил нийслэлийн бүх гэрлэн дохиог шинэчлэн сольж дуусгасан.

Тендер энэ тэр нь будилсан, будилаагүй гээд л баахан яригдсан. Бас хэрэглэгдэхээ байсан гэрлэн дохио оруулж ирсэн, шахааны бизнес хийлээ ч гэх шиг дуулдаад байсан. Хуудуутай гэж байсан ч хэсэгтээ л нөгөө гэрлэн дохио нь овоо дориун ажиллаж нөгөө яриа тэгсгээд намжив. Харамсалтай нь нөгөө магтаад байсан гэрлэн дохионууд нь эхнээсээ жагсаалаас гарч эхлэв бололтой.

Замын ажил энд тэндгүй эхэлсэн энэ үеэр гэрлэн дохио нь ажиллахгүй, дээр нь зохицуулах цагдаа байхгүй болохоор хэдэн жолооч л хамаг “нерв”-ээ барж байх шив.

Бөөн түгжээ бухимдал дунд “мөлхсөөр” арай хийж хойшоо эргээд явтал хоёр цагдаа өчнөөн машин зогсоод байж байх юм. “Хамгаалах бүс зүүгээгүй” гэх шалтгаанаар жолооч нарыг торгож байгаа нь энэ гэнэ. Ядахдаа нэг нь замын хөдөлгөөнийг зохицуулаад нөгөөх нь торгуулийн ажлаа хийж болноо доо. Хэлэх ч үг олдохгүй юм. Х.Энхжаргал дарга аа!

Та бүхэн хэдэн цагдаа нартаа өдрийн төдөн төгрөгийн торгуулийн норм тогтоож, заавал биелүүл гэж шахаад байна уу, эсвэл наадам угтсан уралдаан зарласан юм уу. Аль нь ч байсан гэсэн замын цагдаа нар ер нь ямар ажил үүрэг гүйцэтгэхээр замын голд зогсдог юм бэ.

Замын хөдөлгөөний дүрэмд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ жолооч хамгаалах бүс зүүх талаар заасан байгаа нь үнэн. Гэхдээ аливаа нэг ажил хийж гүйцэтгэхэд урьтаж хамгийн түрүүнд нэн яаралтай болон явцын дагуу гэж ангилдаг нь шинэ биш зүйл бөгөөд өнөөдрийн нийгмийн үйл ажиллагааны ердийн л арга барил билээ. Орон нутгийн чанарын замд хамгаалалтын бүс бүсэлж, замын хөдөлгөөнд оролцох нь яах аргагүй нэн тэргүүнд анхаарах, биелүүлэх ёстой асуудал мөн. Харин замын түгжрэлтэй үед авто машин 25-30 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд хэрэг, осол гарахад хамгаалалтын бүс зүүхийг бусад зөрчлүүдээс урьтаж шаардах шаардлага байсан гэж үү, Х.Энхжаргал дарга аа!

Харин ихэнх зам тээврийн хэрэг, осол, түгжрэл үргэлжилсэн шугам давдаг, урсгал сөрдөг, хориглосон болон явган зорчигчийн замаар явдаг, гэрлэн дохионы заалт зөрчдөг, дурын газар тээврийн хэрэгсэлээ зогсоодог, орхидог жолооч нар бөгөөд замын эвдрэл гэмтэлийг чанартай бөгөөд шуурхай засдаггүй аж ахуй нэгж, байгууллагуудын хариуцлагагүй үйлдлээс гарч байгаа юм биш үү.

Танд хандахад гэрлэн дохиогоо ажиллуулж чаддаггүй юм байна. Замын цагдаагаараа зохистой ажлыг нь удирдан зохион байгуулан хийлгэж чаддаггүй юм байна. Тэгвэл та юу хийж чаддаг юм. Аливаа хүний бүтээлүүдийг авч үзвэл сайн, муу гээд янз янз л байгаа. Х.Энхжаргал дарга аа, Таны хийж байгаа зүйл алинд нь багтах бол доо.

Ямартай ч таныг улсад, хотод, нийгэмд хэрэгтэй зүйл хийж бүтээгээсэй гэж томилсон юм. Харин энэ тэр дарга нарт “онц сайн үнэлгээ аваад бай” гэж л томилоогүйг та ойлгоогүй бололтой.

А.Алтан-Од http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих