Солиотууд…..

cd8acf814dca9163original“Чингис” хааны академийн ерөнхийлөгч, өөрийгөө “Хунтайж” гэж нэрлэсэн нэг сайхан гар байна,аа. Анх гарч ирж байхад нь хүмүүс даган хошуурч байсан ч өдгөө мөн чанарыг нь ойлгосон. Б.Давааням бол эрүүл сэтгэлгээтэй хүн лав биш гэдгийг мэдээд зайгаа барьсан. Түүнээс биш, тэр жил Дорноговь аймгаас сонгогдсон нэг УИХ-ын гишүүн хүртэл П.Даваанямыг эсгий дээр залж, Хүслийн ууланд очихоос эхлээд хөл болж байсныг сайн санаж байна. Бас баруун аймгаас сонгогдсон нэг эрхэм уулын тахилга дээр түүнд сүрхий мөргөж харагдахад мөн ч их уур хүрч билээ. Төрийн түшээг хүртэл ийн хөл алдуулж явсан П.Даваанямын гууль нь цухуйж, яриа нь улам л солиорол тийшээ хандсаар өнөөдөртэй золгоход түүнийг тоох ч хүн үгүй болсон.

 

Гэтэл энэ сарын дундуур МҮОНРТ-ийн байранд “Хун тайжийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, дэлхийн эзэнт их гүрнийг өвлөгч эзэн улс болохыг уриалах” тухай хэвлэлийн хурал зарласан дуулдаж байсан. Үнэнийг хэлэхэд түүний зарласан хэвлэлийн хуралд хэвлэл мэдээлэл тийм ч өргөн хүрээгээр оролцоогүйгээс харахад түүний карьер нэгэнт унажээ гэж харж болохоор. Хэдийгээр мэдээллийн хомсдолтой цаг үе таарсан ч төдийлөн анхаарал хандуулсангүй.

 

Үүний дараа тун удалгүй хүн тоохоо больсон П.Даваанямын ярилцлага нийтлэгджээ. “Зүчийг бид нар том ах л гэдэг” гэсэн нэртэй ярилцлага тэр чигтээ согтуу солиотой хүнээс ч долоон дор. Хэн ч тоохгүй гиюүрч суусан хүн ёстой нэг уригдсан дээрээ гэдэг шиг л авч өгчээ. Ёстой л хүн ардын оюун ухаан балартуулмаар яриа бол П.Даваанямын энэ ярилцлага байв. Уг ярилцлагыг уншаад уур инээд зэрэг хүрэх ч заримдаа 13 дугаар зууны үед очсон шиг сэтгэгдэл төрөх нь “ид шидийн” гэмээр. Нөгөө талаар уншихгүй байхын аргагүй бохир яриаг ард олон яасан их шимтэж хараа бол доо.

 

Эзэн Чингисийн нэрээр мөнгө олж байгаа хүмүүс алийг тэр гэхэв. Тэр тусмаа П.Давааням бол их хааны нэрээр олонд танигдаж, хоногийн хоолонд залгасан хүмүүсийн нэг бол яах аргагүй мөн. Гэхдээ ийн солиорлоор мөнгө олно гэдэг байж боломгүй зүйл. Одоо бүр Хунтайж болчихлоо. Хэн хаанаас ч өгдөг нэр алдар юм бүү мэд. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гээд л дайраад байх юм. За энэ ч яахав.

 

Тус ярилцлагад тэрээр нэгэн зүйлийг өгүүлжээ. Тэрээр хэлэхдээ “Чингис хааныг залгамжлах Хунтайжийн эрх авчихсан байхад л дур зоргоороо ийм юмнууд хийгээд л байна. УИХ-ын гишүүд дотроос Ж.Батзандан ноднин асар том асуудал дэвшүүлж тавьсан. Манай УИХ-ын гишүүд дотор мэддэг хүн бас байдаг. Дэлхийн зиндаатай сэтгэдэг хэдэн хүн байна. Ноднин Чингис хааны нэрийг ашиглах тухай асуудал яригдсан даа. Тэгэхэд Хунтайжтайгаа зөвлөлдсөн үү гэж Ж.Батзандан хэлсэн. Энэ бол гайхамшигтай. Энэ дэлхийн зиндааны сэтгэдэг хүн байна шүү дээ. Би шууд ингээд хэлчихье. Ингэж асууж байх ёстой, ингэж зөвлөлдөж явах ёстой” хэмээснийг уншаад тэр жилийн нэгэн явдал санаанд орж байна.

 

2008 оны хавар оройхон юмсан уу, Төрийн ордны зүүн хаалган дээр өдгөөгийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, П.Давааням хоёр тун дотно ярилцаж зогссоныг сайн санаж байна. Тухайн үед энэ хоёр хоёулаа Төрийн ордон руу нэвтрэх эрхгүй байсан болов уу. Эндээс харвал эрхэм хоёр маань “Хунтайж” нэрийн тухай ярьж зогссон хэрэг юм уу даа. Миний дээр хэлсэнчлэн УИХ-ын хоёр гишүүн лав түүнд ихэд хүндэтгэлтэй хандаж байв, миний мэдэхээр. Мөн Ж.Батзандан бас л түүний фен бололтой. Солиотууд бол солиотууд л байдаг аж.

 

Н.Дөл

 

- See more at: http://www.unen.mn/content/40067.shtml?alias=yellow#sthash.OlpPw0fC.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих