Судалгаа авахаар гэрт нь ирсэн эмэгтэйг олон удаа хутгалж хөнөөжээ
Олныг сэртхийлгэм аймшигт гэмт хэргүүд шил дараалан гарсаар байна. Энэ сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Ц.Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон Б.О-г олон удаа хутгалан санаатайгаар алсан хэрэг гарчээ. Энэ хэрэгт аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хэргийг үйлдсэн байж болох Ц.Б гэгч нь эцгийн хамт амьдардаг бөгөөд 2006 оноос сэтгэцийн өвчнөөр өвчилсөн бусдын асрамжинд байдаг нэгэн гэнэ.
Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг болон хойшлуулшгүй ажиллагаанд аймгийн прокурор Цагдаагийн газрын дарга нар оролцож хяналт тавьж ажиллажээ.
Нутгийн захиргааны байгууллага харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ ажлын хүрээнд нутаг дэвсгэрийнхээ гэмт хэрэг зөрчилд орж болзошгүй болон бусад бүх төрлийн судалгааг хийж байх ёстой.
Иймд цаашид ард иргэдээс судалгаа авах тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийнхээ багийн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж хамтран зохион байгуулж байх, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Орхон аймгийн прокурорын газраас анхааруулж байна.
М.Нандин
uls.mn
URL: