О.Магнай Ерөнхийлөгчийн эхнэрийг сэмхэн оролдов
Манайхан гадаадыг хангалттай дуурайдаг. Өмссөн зүүснээ эхлээд ёс жаяг, ёр билэг, зан суртахууныг дуурайх, хэн нэгнээ нэрлэж тодорхойлох, өргөж өргөмжлөх, хог шаар болгох зэрэг арга мэхийн хувьд ч бүгд гадаадаас тээгдэж ирсэн. Жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх хүртэл бусдын л юм. Иргэний хөдөлгөөн зайлшгүй гэж жагсаал цуглааны хоёр дахь давалгааг Монголынхоо гудамжинд үүсгэсэн хүмүүс бол яах аргагүй О.Магнай, Ж.Батзандан нар. Тэд Монголын анхны нэрт жагсаал цуглаанчин Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нараас ч зөвлөгөө авахыг хүсээгүй. Дөргүй бух шиг зүтгэсээр байж олны танил болоод авсан. Дээрх хоёр чинь бүр амжилтандаа сагаад нэгнийгээ улс төрийн ертөнцөд олж авснаа “их хувь заяа” хэмээн нэрлэж, бахархан бардамнасан билээ. Элбэгээ нэг удаа Зандааг “Чи арай л ширүүн яриад байх юм” энэ тэр гэсэн шигээ жаахан мад тавих гэсэн боловч нөгөөх нь мунхагт мухар гээч нь үгүй болохоор “дайрсаар” байгаад улс төрч болчихсон дог. Иргэний хөдөлгөөнийхний улс төрийн замналд бусдаас ялгарах нэгэн өвөрмөц тал бий. Энэ нь аргагүй л “иргэний” гэх онцлогоо хадгалсан маргаан мэтгэлцээн нь юм.
Зандаа гишүүн намынхаа нэр дээр сайдын алба хашиж байгаа эмэгтэйгийн гадаад нөхрийг нь “огцруулах” гэж нэг хэсэг үзэлцсэн. Орон гүрний асуудал байв уу, ор хөнжлийн маргаан байв уу гэдгийг нь олон нийт төдийлөн ялгаж ойлгохгүй байсаар одоо нэгэнт мартагнаж байгаа юм. Ц.Оюунгэрэл сайд ч өөрийнхөө байтугай хүний эрхийн төлөө “төрсөн” нэгэн болохоороо нөхрөөс нь салгах гэсэн аливаа оролдлого бүхэнтэй эвлэршгүй тэмцэхээ илэрхийлсэн. УИХ-д сууж буй хүүхнүүд ч гэсэн өөрсөддөө гадаад нөхөртэй болох тийм хувь тавилан тохиолдож болохыг үгүйсгэсэнгүй юу. Ямартаа ч байсан ангийнхаа нэг хүүхнийг өмөөрч Зандаа гишүүнийг занганд унагаж орхисон. Гэр бүлийн маргаанаар дасгалжиж мэргэжин иргэний хэргийн зүйл заалт руу толгойгоо шаачихсан Иргэний хөдөлгөөнийхний гол төлөөлөгч О.Магнай саяхан бас л нэг гэр бүлийн асуудлаар дуу хоолойгоо халти мөлтхөн ч атугай сонсгоод авав. Энэ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн гэргийг тэргүүн хатагтай гэх эсэх талаарх түүний “үзэл баримтлал” юм. Тэр “Манай улсад тэргүүн хатагтай гэж байхгүй” хэмээн мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар АНУ-д тэргүүн хатагтайн тухай хууль байдаг. Харин манай улсад тийм юм байхгүй гэнэ. Энэ нь Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэг хүлээсэн байгууллагыг толгойлж байгаа хүний хувийн үзэл бодол байв уу. Яваандаа байгууллагынх нь албан ёсны шаардлага, байр суурь болох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Гэхдээ л энэ мэдэгдэл, энэ жиргээний үзүүр санаа нь Ерөнхийлөгч рүү хандсан байсан нь гол нь юм. О.Магнай Ерөнхийлөгчийг “Чиний эхнэр Монголын тэргүүн хатагтай байх даа яадгийн” гэсэн утгатай үгээр ингэж дайрав. Ерөнхийлөгчийн эхнэрийг оролдсон нь О.Магнайгийн хувьд судалгаа, шинжилгээнд тулгуурласан биш зүгээр л адарсан, араншингаа харуулсан үйлдэл болов. Тэгээгүйсэн бол О.Магнай Богд хаан хатнаа яагаад Улсын эх дагина болгосон талаар дуугарч түүх сөхөх байв. Богд хаан лүндэн буулгаж хатнаа Улсын эх дагина болгож байсан бол манай Ээбээ Ерөнхийлөгч зарлиг гарган эхнэрээ улсын тэргүүн хатагтай болгож яагаад болохгүй гэж вэ. Хагас нүцгэн ноцолдог бөхчүүдэд аварга, арслан, дархан аварга цол хүртэл олгох зарлиг гаргаж байснаас хоёулахнаа чармай нүцгэн ноцолддог эхнэртээ цол өгөхөд яагаад болохгүй вэ. О.Магнайн оролдсон Ерөнхийлөгчийн эхнэр удахгүй жинхэнэ тэргүүн хатагтай болж мэднэ.
Н.Нараа
agshin.mn
URL: