Шатахууны хомсдолтой давхацсан тахианы боодог

-Иргэд өдөр, шөнөгүй шатахуунд дугаарлаж, Д.Зоригт сайд оройжин хоол хийхийг заав -

“Зуны халуунд шатахуун авахаар хэдэн цаг дугаарласан хэрэглэгчид өдөржин хэдэн эсээ үхүүллээ. Арай гэж балга АИ-92 аваад гэртээ ортол түлшний менежмент хийх үүрэгтэй сайд нь цэнхэр дэлгэцээр тахианы боодог хийсэн шигээ инээмсэглэн буйг үзээд эгээтэй л телевизээ аваад шидчихсэнгүй” гэж нэг биш нэлээд хэдэн хүн утас “цохив”.

Тэд багагүй ундууцжээ. Уурлахаас ч аргагүй бололтой. Уг чанартаа бол шатахуун магнаг болж, жолооч нар шар махтайгаа хатах дөхөж буй энэ үед Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нь хойшоо, урагшаагүй гүйж, амьсгаа өөд татах завгүй ажиллах ёстой бус уу. Аль эсвэл хэчнээн жилийн өмнөөс хэлж, ярьж буй нефть боловсруулах үйлдвэрийг хэрхэн барих тухай худал үнэн ч болсон хэлэлцэж суусан бол хүн чанарын хувьд арай дөмөгхөн үзэгдэх байв.

25 дугаар суваг телевизийн “Bon appetit” хэмээх хоол хийдэг шоу нэвтрүүлгээр амралтын өдөр айл бүрийн гэрт зочилсон Д.Зоригт сайд бусдын хэл амнаас тун их залхаж буйгаа дамжуулж байна лээ. Тэгээд “Үнэндээ одоо залхаж байна. Гэхдээ ажил хийж байгаа хүнд байнга шүүмжлэл, хар хэл ам ирдэг юм шиг. Бусдаас айж ажиллана гэж юу байх вэ” хэмээн их л хэгжүүн хариу өгч байв.

Сайдын зөв. Ажил хийж буй хүн шүүмжлүүлдэг, бусдаас айж ажиллана гэж байхгүй. Гэхдээ цагийг нь олоогүй үйлдэл таныг сайдын энтэй харагдуулж дөнгөөгүйгээр барахгүй иргэдийг тохуурхан басамжилсан үйл явдал гэж ойлгохоос өөр аргагүй байна.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын хариуцлагыг Засгийн тэргүүн Сү.Батболд болоод Эрдэс баялгийн сайд та хүссэн хүсээгүй үүрэх л болно. Яг үнэндээ 1996 оноос хойш Монголчууд анх удаа картын бараанд орж, хуучны саарал цагийг дурсаж байгаа энэ үед салбарын сайд нь байснаараа Д.Зоригт гэдэг хүн шаварт унасан шарын эзэн байх нь гарцаагүй.

Бид жижиг улсын иргэд. “Роснефть” том эрх ашгийн төлөөлөл гэдэг нь үнэн. Шатахуун ховордож, эрчим хүч доголдох бүрт Д.Зоригт буруугүй нь ч үнэн. Гэхдээ иргэд, сонгогчид нь картын бараандаа дугаарлаад гайхшаа барж байхад салбарын сайд нь тахианы боодог хийсэн шигээ тун чиг баясгалантай айл бүхний хойморт зочилсон яг тэр цагийн үйл явдлуудад эрэмбэ дараа, сайдын зангараг, ажлын хариуцлага, хүн чанарын хэмжүүрүүд бүгд гажлаа. Сайд байлаа ч сачий хүрэхгүй зүйлүүд цаашид ч тохиолдоно. Сачий хүрэхгүй юманд ядаж сайдын соёлтой баймаарсан даа.

Ө.Батхүү


URL:

Сэтгэгдэл бичих