“Алибаба” хөрөнгийн зах зээлийг тэргүүлж байна.
Хятадын цахим худалдааны манлайлагч “Алибаба” групп Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаснаар 25 тэрбум ам.долларыг төвлөрүүлээд байна. Энэ бол түүхэнд байгаагүй “тэсрэлт”, олон улсын хөрөнгийн зах зээл дээрх Хятадын “мандалт” хэмээн хэвлэлийнхэн шуугиж байна. “Алибаба” компанийн нэгж хувьцааны анхны үнэ 68 ам.доллар байсан. Харин өнгөрсөн баасан гаригт болсон хоёрдогч зах зээлийн анхны арилжаагаар нэгж хувьцааных нь үнэ 92.70 ам.доллартай тэнцэж, 38 хувиар өссөн юм. Тус компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарсан даруйд нэг минут ч хүрэхгүй хугацаанд 100 сая гаруй ширхэг арилжаалагдаж, “Twitter”-ийг давж гарсан байна. “Алибаба” корпораци ийнхүү Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO хийснээр 21.8 тэрбум ам.долларыг төвлөрүүлж чаджээ. Ингэснээр тус компанийн үнэлгээ одоо 223 тэрбум ам.долларт хүрч, Facebook, Amazon, eBay-гээс ч илүү гарчээ. Өнгөрсөн пүрэв гаригийн /IX.18/ тэсрэлтийн дараа “Алибаба” нэмж 48 сая хувьцаа худалдахаа мэдэгдсэн юм. Гэвч даваа гаригийн байдлаар /IX.22/ байдлаар “Албиба”-гийн хувьцааны үнэ дөрвөн хувиар буурч, 90.04 ам.доллар болсон байна.
“Алибаба”-гийн хувьцаа дэлхийн зах зээл дээр Хятадын эдийн засгийн шинэчлэлттэй зэрэгцэн гарч ирсэн. Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, алгуур шинэчлэлт нь хөрөнгө оруулагчдыг татаж, томоохон зах зээлээс ашиг хүртэх найдвар төрүүлсэн гэж ажиглагчид үзэж байна. Ийнхүү “Алибаба” группын олон улсын хөрөнгийн зах зээл дээрх тэсрэлт Хятад дахь бусад хувийн хэвшлийн фирмүүдэд итгэл, найдварыг төрүүлсэн гайхалтай үлгэрлэл боллоо. “Алибаба” групп онлайн зах зээл дээр хэд хэдэн төрлийн цахим үйлчилгээ явуулдгаараа Америкийн цахим худалдааны “Amazon”, “eBay”-гээс давуу талтай.
“Алибаба” группыг одоогоос 15 жилийн өмнө англи хэлний багш мэргэжилтэй Жек Ма үүсгэн байгуулжээ. Жек Ма 1995 онд Сиэтлээр аялж, нэгэн найзынхаа гэрт зочлохдоо анх интернэттэй танилцсан аж. Тэрээр “пиво” гэдэг үгийг онлайнаар хайж үзсэн боловч Хятадаас ямар ч илэрц байхгүй болохыг олж мэдсэн байна. Үүний дараа тэрээр Хятадад эргэж ирээд “China Pages” гэдэг вэб сайтыг ажиллуулж эхэлжээ. Дараа нь 1999 онд Жек Ма Хятадын үйлдвэрлэгчдийг гадаадын худалдан авагчидтай холбох зорилгоор “Alibaba.com” порталыг үүсгэн байгуулсан нь өдгөө өөр олон төрлийн цахим үйлчилгээ явуулдаг групп болж өргөжсөн аж. Жек Ма компанийн нэрийг “Алибаба ба 40 дээрэмчин” үлгэрээс санаа авч өгсөн бөгөөд Сан-Францискогийн нэгэн кофе шопод сууж байхдаа бодож олжээ. Тэрээр анх “Алибаба”-г үүсгэн байгуулж байхдаа л гадаадын шилдэг вэб сайтуудтай өрсөлдөх зорилго тавьж байсан гэдэг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэрээр Алибаба-г олон улсын хэмжээний компани байдлаар зах зээлд таниулжээ.
Б.АНХТУЯА
news.mn
URL: