Ш.Түвдэндорж сайд ажлаа мэддэггүй албатынхаа үгэнд тонгоруулав
Төрийн албан хаагчдыг ээлжийн амралтаа аваад явсан хойгуур нь ажлаас чөлөөлж орных нь хүнийг томилчихдог жишиг тогтоод удаж байна. Энэ жишиг аль ч яам, Тамгын газарт хэрэгжиж буй шилдэг арга гэж хэлж болно.
Тухайлбал, саяхан хөрсөн дээр цочир хүйтэрснээс болж үр тариа хураахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Рэнчинсэнгээгээс тодруулах санаатай холбогдтол “Ах нь ажлаа өгчихсөн. Өөр хүн томилогдсон” гэж байна.
Тэгэхээр нь ядаж мэргэжилтэн болоо байлгүй дээ гэж бодоод “Та энэ салбарыг мэддэг хүний хувьд ер нь байдал ямар байна. Тариаланчид яагаад жагсаал цуглаан хийгээд байгаа юм бол” гэтэл “Би одоо мэдэхгүй. Шинэ даргатай болсон” гээд хавьтуулсангүй.
Эх сурвалжаас сурагласан Ц.Рэнчинсэнгээг үүрэгт ажлаас нь чөлөөлж Б.Оргил гээчийг томилжээ. Түүнийг ээлжийн амралтаа авсан хойгуур нь ийм томилгоо хийсэн аж. Түүний оронд Б.Оргил хэмээх хөдөө аж ахуйн салбарт “үл танигдах” нэгнийг томилсон байна. Гэтэл энэ үйл явдалтай зэрэгцээд ҮХААЯ-нд нэгэн содон үйл явдал болсон юм.
Шинэхэн дарга Б.Оргил ургац хураалтын талаар мэдээлэл хийх үеэрээ “Тариаланчдыг нэг тонн улаанбуудайгаа 460 мянган төгрөгөөр өгөхгүй бол урамшууллын 100 мянган төгрөг олгохгүй. ОХУ-аас улаанбуудай импортолно” гэж том дуугарсан нь салбарыг тэр чигт нь доргиоход хүргэсэн.
Өөрөөр хэлбэл, тариаланчид шинэ дарга руу чичилж ажлаа мэдэхгүй ийм дарга томилсон Ш.Түвдэндорж сайдад хаягласан уриа лоозон барьж жагссан. Хэвлэлээр бол салбарын сайд ажлаа мэдэхгүй тариаланчдаараа хичээл заалгаж байгааа мэт харагдаж байсан ч үнэн хэрэгтээ түүний “шагнал”-ын суудалд чирч авчирсан шинэхэн газрын даргын хариуцлагагүй мэдэгдлээс үүдэлтэй балаг байв.
Иймдээ ч салбар яам уг асуудлыг тариаланчидтай сэм хуралдаад шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, тариаланчдын “аманд” багтаж нэг тонн улаанбуудайг 550 мянган төгрөгөөр худалдаж аваад тогтохгүй урамшууллын 100 мянган төгрөгийг үг дуугүй олгохоор тохиролцсон.
Увайгүй албатуудынхаа ухамсаргүй мэдэгдлийн мэхэнд ийнхүү салбар яам тонгоруулж байгаа нь энэ. Салбарын сайд багаа бүрдүүлэхийн тулд өөрийн хүмүүсээ авчирч болно. Гэхдээ тухайн салбарыг мэддэг, туршлагатай хүнийг сонгон шалгаруулж авах нь юунаас ч ил үү чухал байх ёстой.
Гэтэл Ш.Түвдэндорж сайд ирсэн даруйдаа Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нараа шахаж 2-3 газрын дарга нарыг золиослох төлөвлөгөөтэй ажиллаж байгааг олон жил ажилласан мэргэжилтнүүд нь дуулгаж байна. Төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчид ажиллах учиртай яам, Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад дарга, сайд нарын танил тал, найз нөхөд, ах дүү нар шургалах болсон нь энэ Засгийн газрын нүүр царай гэж хэлж болно.
Ер нь аль ч нам эвсэл Засгийн газарт олонхи болсон яам, Тамгын газрын мэргэжилтнүүдийг хольж сольдог, халдаг сэлгэдэг байж боломгүй. Учир нь төрийн албаны мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтаар авдаг дүрэм журамтай. Өмнө нь ийм л байсан.
Гэтэл шинэчлэлийн, ухаалаг гэх уриатай энэ Засгийн газар албан тушаалын томилгоог баруун солгойгүй явуулж, өөрсдийн өмнө нь хаана юу хийж байсан эсэх нь тодорхойгүй хүмүүсийг төрийн албанд шургуулж Төрийн дархлааг “сэхээнд” оруулж байна. “Дархлаагүй” мэргэжилтнүүд салбарын ажилд урхаг болно уу гэхээс урагшлуулах ямар ч боломжгүй.
Олон жил ажилласан мэргэжилтнүүдийг ахалж ажиллахаар ирж байгаа газрын дарга нар нь учраа олохгүй, тэмээ ямаа гэж ярьснаас үүдэж үл ойлголцол, цаашлаад дарга гэж хүндэтгэх аргагүйд хүрч байдал хурцаддаг байна. Энэ жишээ одоогийн бүх л яам, Тамгын газарт өрнөж даргаасаа давсан мэдлэгтэй мэргэжилтнүүдээ ад шоо үзэж, шахаж хавчиж байгаа нь бодит үнэн.
Ер нь ҮХААЯ-ны удирдах албан тушаалд томилогдсон хүмүүсийг энэ салбарын “үнэр” ч үгүй албатууд гэдгийг хэн хүнгүй хэлдэг. Энэ нь ч өнгөрсөн жилийн гоц халдварт шүлхий, боом өвчний үеийн тархалтаар тод томруун харагдсан. Математикч мэргэжилтэй Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нь шүлхий өвчний тархалтыг хурдан намжаах талаар. ярихын оронд “Шүлхийтэй махыг экспортлох” талаар ярьж чамгүй зэмлэл хүртсэн.
Ер нь энэ яаманд хөдөө аж ахуйн салбарын гэхээс илүүтэй математикч мэргэжилтэй албатууд цөөнгүй байдаг аж. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуяг гэж салбартаа гаршсан энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүн байсныг албан тушаалаас нь чөлөөлж мөн л математикийн багш хүнийг томилсон байдаг.
Математикийн багш даргатай мал аж ахуйн салбар яаж шүлхий, галзуу, боомгүй “эрүүл” байх билээ дээ. Хөдөө аж ахуйн салбарт энэ чиглэлээр мэргэшээгүй хүн ажиллах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, цонхны цаана суучихаад цаас цохдог ажил биш байнгын орон нутаг, хадлан тариаланч, малчидтай уялдаа холбоотой ажилладаг салбар юм.
Ийм байхад гоц халдварт өвчин гарчихаад байхад мэргэжилтнүүдээ хөдөө хөөж явуулчихаад дарга нар нь вакцины бизнес ярьж, Засгийн газрыг шантаачилж болохгүй. Өөрөөр хэлбэл, дотоодын вакциныг чанар нь дууссан мэтээр мэдээлж гаднаас вакцин импортлох талаар ярьж, тухайн тендерээ ямар ч шалгаруулалтгүйгээр өөрийн талын хүндээ өгсөн гээд алдаатай зүйл их.
Үүнийг учир мэдэх мэргэжилтнүүд нь байж боломжгүй зүйл гэж тайлбарлахад “Чанаргүй вакцин малд тарьсан гэж” мэргэжилтэндээ шахалт дарамт үзүүлж амыг нь хаасан байх жишээтэй. Улаанбуудайн талаар мөн л ийм асуудал гарч байсан.
Өнгөрсөн жил мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дотоодын хэрэгцээнд шаардлагатай улаанбуудайгаас 20-30 мянган тонн дутсан гэдэг. Гэтэл сайд нь ОХУ-аас улаанбуудай импортлох талаар ярьж Засгийн газарт мэдүүлэхдээ “Нийт 120 мянган тонн улаанбуудай шаардлагатай” гэж мэдүүлснээс улстөржиж чамгүй маргаан дэгдсэн.
Үүний цаана мөн л мэргэжилтэн, газрын дарга нарыг “Ургац, хадлан тэжээлийн ажлаа дутуу дулимаг хийж гүйцэтгэсэн” нэрээр халаа сэлгээ, шахалт дарамт явуулсан байна. Үнэн хэрэгтээ 30 мянган тонн буудай л нэмж авах шаардлагатай байхад ийм маягаар сайд нь Засгийн газартаа шантааж хийдэг, эргээд түүгээрээ албатуудаа тонгорч халдаг сэлгэдэг арга мэх энэ салбарт түгээмэл байдаг бололтой.
Түүнээс гадна увайгүй албатууд нь багаа бүрдүүлэх нэрээр өөрсдийн хүмүүсээ чирч ирсээр байгаа нь салбарын олон жилийн хөдөлмөрийг талаар болгох вий гэсэн түгшүүр байна. Бусад газар, яамдын адил мэргэжилтэн газрын дарга нарыг ээлжийн амралтаа авсан хойгуур нь томилгоо явуулж халаа сэлгээ хийдэг байна.
Халагдсан хүмүүс хэл үг гаргахаар “Бид багаа бүрдүүлж ажилламаар байна” гэсэн тайлбар хэлдэг байна. Ер нь ажилчдыг шууд “Ажлаа өг” гэж хэлдэггүй ч ямар нэгэн байдлаар шахдаг байна.
Тухайлбал, тухайн хүний доод албан тушаалтнаар бичиг баримт цохуулдаг. Цохолт хийсэн хүнээс “Үүнийг яагаад цохчихов гэхээр “Мэдэхгүй сайд, Төрийн нарийн намайг цохохоор бичиж ирүүлсэн байна” гэж тайлбарладаг аж. Уг нь хөдөө аж ахуйн салбар бол энэ салбарын “үнэргүй” мэргэжилтэн ажиллах ямар ч боломжгүй салбар гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
Өөрөөр хэлбэл, шинээр томилогдсон газрын дарга бүтцийн өөрчлөлт хийх нэрээр тухайн газрын боловсон хүчнийг тэр чигээр нь өөрчилдөг байна. Гэтэл өмнөх Засгийн газрын үед зөвхөн тухайн яамны газрын даргыг өөрчиллөө гэхэд мэргэжилтнүүдийг халж сэлгэхгүй баг болж ажилладаг байсан гэлцдэг.
Гэтэл одоо дарга нь цэрэгтэйгээ шинэчлэгдэж байгаа энэ цаг үед шинээр ирсэн дарга ч бай мэргэжилтэн ч ялгаагүй ажлаа сурах гэж доод тал нь хагас жил болдог байна.
Тухайн салбар орон нутгийнхантай байнгын харилцаатай ажилладаг. Гэтэл шинэ дарга тухайн хүмүүсээ таньдаггүйгээс харилцаа холбоо алдагдаж, ажил удааширдаг гэдгийг хэлж байгаа юм.
Тухайлбал, тариаланчид нь хүсэлт тавиад ороод ирэхэд шинэ дарга “Хаанахын хэн бэ” гэх зэргээр алдаа гаргаж, энэ нь цаашлаад улстөржих нөхцөл байдлыг бий болгож байгаа аж. Тухайлбал, “том” даргын томилсон нөгөө албат ажлаа мэддэггүй, хөдөө аж ахуйн салбарынхныгаа таньдаггүй гээд олон асуудал тулгардаг байна.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Монголын үнэн
URL: