Дөрвөн жил хүлээсэн ХСҮТ-ийн өргөтгөл хэзээ ашиглалтад орох вэ?
Сүүлийн хэдхэн жилд манай улсад хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэж буй салбараар хуульзүйн салбарыг нэрлэж болно. Шинэ байр, цалин хөлс, нийгмийн асуудал гээд л. Гэхдээ үүнээс дутахааргүй хөрөнгө оруулалт хэрэгтэй нь эрүүл мэндийн салбар. Ялангуяа хотын хүн ам өсөхийн хэрээр эмнэлгийн хүчин чадал тэлэх ёстой ч газрын асуудал хамгийн бэрхшээлтэй байна. Төрөх эмнэлэг барих газаргүйгээс болж эх, хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ хангалттай авч чадалгүй эндсээр байх жишээтэй. Гэтэл газар нь байгаад барилгын ажил эхлээд дуусахын шатанд гацчихсан эмнэлгийн өргөтгөл Улаанбаатар хотын төвд хоёр жилийн турш сүндэрлэж байна.
Улсдаа ганцад тооцогдох Хавдар судлалын үндэсний төвийг 2010 оны долдугаар сард өргөтгөж гурван давхар барилгын ажлыг дэргэд нь эхлүүлж байжээ. ЭМЯ-наас захиалж, гүйцэтгэгчээр “Суурь” компани шалгарсан юмсанж. Гэрээ ёсоор 2011 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох ёстой. Төсөвт өртөг нь 3.1 тэрбум төгрөг байхаар талууд тохиролцжээ. Барилгын явц 70 хувьд хүрч, гадна өнгөлгөө болон дотоод заслын ажил дутуу байхад барилгын ажил зогсчээ. Уг нь Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн байрыг ашиглалтад оруулбал төв эмнэлгийнхээ ачааллыг 30 хувиар багасгах тустай байж. 5200 ам метр талбайтай уг барилгын I давхарт туяа эмчилгээ, II давхарт нь хими эмчилгээний тасаг байгуулахаар төлөвлөсөн бол III давхар нь элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг болох зориулалттай. Мөн нөхөн сэргээх эмчилгээ, чийрэгжүүлэлтийн танхимыг байгуулах байжээ. Одоогийн төв нь 20 мянган ам метр талбайтай ч ачааллаа дийлдэггүйг эмч мэргэжилтнүүд нь хэлж байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд хавдарын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буйг судалгаа харуулдаг. Хавдарын өвчлөлийн 40 хувь нь элэгний хавдар эзэлдэг аж. Элэгний хавдараар гэхэд л жилд 1800 хүн шинээр өвчилж, 150 хүн элэг солиулах мэс засалд орж байна. Ачааллаа дийлдэггүйгээс энэ төвд эрэгтэй, эмэгтэй гэж ангилж хэвтрүүлэх боломжгүй. Элэгний хавдартай хүмүүсийг эмчлэх 15 ортой тасагтай ч 20 хүнийг хүлээн авдаг байна. Ийм хэмжээний ачааллыг 30 хувь хүртэл багасгах өргөтгөлийн барилга дөрвөн жилийн хугацаанд яагаад ашиглалтад орсонгүй вэ.
Анх 3.1 тэрбум төгрөгөөр барилга босох байсан ч хоёр тэрбум төгрөгийг л цувуулж авснаа “Суурь” компанийн зөвлөх инженер О.Жадамбаа хэллээ. Тиймээс барилгын ажил санхүүжилтгүйгээс зогссон гэж байна. Салбарын яамнаас хөрөнгө нь төсөвлөгдөхгүй байна гэсэн хариуг өгдөг аж. Санхүүжилт хүлээгдэх зуур зураг төсөл өөрчлөгдөх, барилгын материалын үнэ өсөх зэргээс хамаарч ахин хоёр тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ. 2011 онд ашиглалтад өгөх байсан ч дээрх шалтгаануудаас болж хойшилсоор өнгөрсөн онд дуусгахаар талууд ярилцжээ. Гэвч бас л санхүүжилт хийгдэхгүй байсаар гүйцэтгэгч компанийнхан өөрсдөөсөө мөнгө гаргаж барилгын ажлыг үргэлжлүүлжээ. Зөвлөх инженерийн хэлж буйгаар компанийн зүгээс үүнд 350 сая төгрөг гаргасан гэнэ. Гэвч одоо хүртэл санхүүжилтээ авч чадахгүй байгаагаас барилгыг одоо байгаагаар нь улсын сан хөмрөгт хүлээлгэн өгч, 350 сая төгрөгөө буцааж авахаар шүүхэд хандахаар болсноо дуулгалаа. Харин өнгөрсөн хугацаанд явуулын хүмүүсийн гарт өргөтгөлийн барилгын шил цонх нь хагарч, архичид үүрлэх болжээ.
Засгийн газрын тэргүүн өнгөрсөн жил орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд оношлогоо, эмчилгээний олон тэрбум төгрөгийн үнэтэй аппарат, тоног төхөөрөмж гардуулж нэг хэсэгтээ шуугисан. Гэвч тэр сайхан эдийг нь хэрэглэж чадах мэргэжилтэн цөөхөн байгаагаас агуулахад хэвтэх болсныг салбарынхан ярьдаг юм билээ. Уг нь нэгэнт эрүүл мэндийн салбарт сууриа тавьчихсан томоохон бүтээн байгуулалтад улс ч бай, салбарын яам ч бай гар, сэтгэл татмааргүй баймаар. Ядахнаа тэр хөрөнгөөс багахан хэсгийг нь улсын чанартаа эмнэлэгт хуваарилсан бол хоёр тэрбум төгрөг олны нүдэн дээр салхинд хийсэхгүйгээр өргөтгөлөө хүлээсэн эмнэлгийнхэн, дарааллаа хүлээсэн өвчтөнүүдийн нуруу тэнийх байжээ.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
dampuursan kompani
2027 ond sht eee