Монголчууд цагаан будаа тариалж байна
ИРЭХ ХАВАР 20-25 МЯНГАН ГА ТАЛБАЙД ЦАГААН БУДАА ТАРИАЛНА-
Бид цагаан будааг уламжлалт хүнс болтол нь хэрэглэж буй хэдий ч өнөөдрийг хүртэл эх орондоо тариалж чадаагүй. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалтай ч холбоотой байх. Тутрагын тариалалт онцгой нөхцөл шаарддаг, буудай тариа шиг газарт булаад байгальд даатгаад орхичихдог эд бас биш аж. 20 хэмийн дулаанд хамгийн сайн ургац өгдөг, дулааны хэрэглээ ихтэй. Мөн шаварлаг хөрсөнд, усан дотор ургадаг. Ийм “ямбалаг” ургамлыг тарихад түвэгтэй байдаг бололтой.
Дөрвөн жилийн өмнөөс Их аварга хакүхо М.Даваажаргалын санаачилгаар “Хакүхо” брэндийн цагаан будаа тариалж эхэлсэн юм. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цагаан будаа бол хүч чадлын эх булаг. Дэлхий нийтийн будааны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна” гэж нэгэнтээ хэлж байсан.
Стратегийн бүтээгдэхүүний тоонд ордог цагаан будааны эрэлт манай оронд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй боловч тогтвортой нийлүүлдэг орон байдаггүй. Хамгийн ихээр цагаан будаа нийлүүлдэг орон бол Хятад улс. Мөн бусад улс орноос импортоор орж ирдэг цагаан будаа эрүүл ахуйн болоод чанарын шаардлага хангаж чаддаггүй. Тиймээс монголчууд цагаан будааны асуудлаа шийдэхээр ҮХААЯ болон БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн яамтай хамтран ажиллах санамж бичигт 2009 онд гарын үсэг зурж байжээ.
Манай улс Лаос улсын Чампасак аймагт энэ жилээс эхлэн 200 га газар түрээслэн цагаан будаа тариалж эхэлсэн байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд цагаан будаа тариалах ажилд тус улсын “Павина”, Монгол улсын “Gimex” компаниуд хамтран ажиллаж байгаа аж.
“GIMEX” компанийн захирал Ж.Ганхуяг ярихдаа “Манай компани “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд монгол хүний тарьсан цагаан будаагаар оролцож байна. Энэ бүхэн 3-4 жилийн хөдөлмөрийн үр дүнд хийгдсэн ажлын нэг хэсэг нь юм. Бид ирэх хавраас задгай талбайд, эх орынхоо хөрсөн дээр 20-25 мянган га-д цагаан будаа тариалахаар боловсон хүчнээ Лаос улсад бэлтгэж байна. Үүнийг дагаад маш олон ажлын байр шинээр бий болно. Химийн бордооны хольцгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай будаа эх орныхоо зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна” гэв.
Тус компани хоногт 60 тонн будаа боловсруулах хүчин чадалтай үйлдвэр угсарчээ. Үйлдвэр нь Монголын зах зээлийн 30 хувийг хангах будаа боловсруулах хүчин чадалтай аж. Цагаан будаа нутагшуулах ажлын хүрээнд “GIMEX” компанийнхан манай орны цаг агаарын нөхцөл байдалтай төстэй газар ургадаг Хятадын Хар мөрөн, Японы Хоккайдо мужийн үрийг Баянхонгор, Говь-Алтай аймгуудад тариалжээ. Туршилт амжилттай болж олон улсын шинжээчид цагаан будаа ургах боломжтой гэсэн хариу ирүүлсэн байна. Ийнхүү бид эх орондоо тариалсан цагаан будааг ирэх намраас хүнсэндээ хэрэглэх бололтой.
М.АМАРЖАРГАЛ
medee.mn
URL: