Үүл баатрын цолыг хурааж Н.Түвшинбаярт өгье
Азийн наадамд монголчууд ёстой л босоо байна, сураггүй байсан сагсчид хүртэл чамгүй амжилттай хүч үзэж байна. Одоогийн байдлаар медаль авсан тоо чанараараа эхний гуравт эрэмблэгдэж байгаа юм. Энэ бүх медалийн буухиаг тус наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр үргэлжлүүлж, алтан медаль хүртлээ.
Олимпийн алт мөнгөн медальтай манай домогт бөх Н.Түвшинбаярыг өнгөрөгч сард болсон дэлхийн аваргын тэмцээнд явахад нь монголчууд бид дээлийнх нь захыг мушгиж, унахад нь хамт унаж, багагүй урмаа хугалсан. Гэхдээ л манай бөх чинь олимпийн алт мөнгөн медальтай мундаг амьтан шүү дээ хэмээн цагаатгаснаар өнгөрсөн. Сая Азийн наадамд мордоход нь хүртэл дээлийнх нь захыг мушгиж, битүүхэн Н.Түвшинбаярыг түрүүлээсэй хэмээн түгшисээр үдсэн.
Харин манай нэрт бөх маань ард олныхоо урмын гал дээр тос нэмэж уухай хадаалаа. Тиймээс Монгол Улсын анхны олимпын аварга, олимпийн анхны хос медальт залуу тамирчинд ахиад дэлхийн аварга болчих нас бий. Тэр ч бүү хэл 2016 оны олимпод ч шаанс бий хэмээн дүгнэж байна. Үүгээр ч зосгохгүй, Н.Түвшинбаярт Улсын баатар цол олгоё гэсэн санааг ард олон дэвшүүлэх боллоо.
Тэгэхдээ ямар ч үүрэггүй байж Улсын баатар цол хүртсэн хотын захирагч Э.Бат-Үүлийн баатар цолыг хурааж Н.Түвшинбаярт олгох тухай явган яриа түймэр шиг дэгдэж байна. Боддог л санаа. Үнэн хэрэгтээ Э.Бат-Үүлд ямар учраас Улсын баатар цол олгосныг одоо хүртэл ард түмэн ойлгодоггүй. Баатар хүн л баатар болох ёстой л доо. Энэ бүгдээс харвал Үүл баатарт баатар цол авчихаар гавьяа ёстой түй ч байхгүй. Түүний хий хоосон улстөржилтөд өгдөг юм бол Монголын улстөрчид бүгд Улсын баатар байх сан. Энэ бүгдээс харвал Н.Түвшинбаяр бол яах аргагүй Монгол Улсын баатар мөн аж.
Ингээд манай домогт бөх Н.Түвшинбаярын барилдааны тухай мэдээлэл хүргье. Тэрээр алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж, торгуулиар (3:2) яллаа. Н.Түвшинбаяр энэ сарын эхээр өндөрлсөн ДАШТ-ий хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раковг юко үнэлгээгээр ялсан юм.
Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний -100 кг-ын жинд барилдсан Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Тажикстан, БНСУ, Узбекстаны бөхчүүдийг ялж, мөнгөн медалийн болзол хангасан бол ийнхүү Азийн наадмын алтан медалийн төлөө Казахстаны Раковыг ялж, жүдочдын энэ наадмаас хүртэж буй гурав дахь алтан медалийг шигшээ багтаа авчирлаа.
Н.Түвшинбаяр шагнал гардуулах ёслолын дараа хэвлэлийн хуралд оролцлоо. Тэрээр “Азийн наадамд гурав дахь удаагаа оролцож байна. Анхны медаль маань алтан медаль байсанд баяртай байна.” гэж хэлжээ.
А.Гал
URL: