Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх гэж буй нь Ц.Оюунгэрэл сайдад таалагдаж байгаа бололтой
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлд оруулж, зарим яамдыг татан буулгана гэдгээ мэдэгдсэн. Уг шийдвэрийн үрээр Шинэчлэлийн Засгийн газрын цөөнгүй сайд эрх мэдэл, сандал суудлаасаа хөндийрөх нь тодорхой болоод байгаа.
Тэгвэл Ерөнхий сайдын уг шийдвэрийг Засгийн газрын зарим сайд дэмжиж байгаа гэнэ. Тухайлбал ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Ерөнхий сайдын эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн уг мэдэгдлийг зөв, сонирхолтой шийдвэр гэж үзэж байгаа аж. Тэрбээр энэ талаар “Ерөнхий сайд тэр болгон “Би ийм юм хийх гэж байна. Тийм юм бодож байна” гэх мэтээр ажлаа ярьдаггүй. Харин энэ удаа хийх гэж байгаа ажлаа урьдчилан танилцуулсан нь олон хүнд сонирхолтой санагдсан байх. Үүнтэй ижилхэн надад бас сонирхолтой санагдсан” гэжээ. Ямартай ч Ерөнхий сайдын энэ удаагийн гэнэтийн бөгөөд шулуухан мэдэгдэл нь Ц.Оюунгэрэл сайдад сонирхолтой санагдсан бололтой. Мөн тэрбээр Ерөнхий сайдыг уг үйлдлийг түүний нээлттэй зан араншинтай холбон тайлбарлажээ.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах болсон талаараа Ерөнхий сайд танхимынхаа сайд нартай ч урьдчилсан байдлаар ярилцаж зөвлөлдөөгүй байна. Энэ нь ч мөн Ц.Оюунгэрэл сайдад таалагдаж байгаа гэнэ. Тэрбээр энэ талаар “Ерөнхий сайд энэ талаар ярилцах шаардлагагүй гэж бодож байна. Бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд өөрөө шийдвэр гаргах ёстой. Миний хувьд энэ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэдсэн” гэв.
Хэрвээ Засгийн газарт өөрчлөлт ороод шинэ бүтцээр ажиллахаар болбол Соёл, спорт аялал жуулчлалын яамыг хуучин бүтцэд нэгтгэх яриа байгаа. Харин Ц.Оюунгэрэл сайд өөрийнхөө толгойлж буй тус яамыг тийм ч амархан татан буугдахгүй байх гэсэн бодолтой байгаа гэнэ. Ер нь л соёл, спорт аялал жуулчлалын яамаа нэгтгэж чадсан энэ ахиц, дэвшлийг амархан нураахгүй байх гэсэн битүүхэн горьдлого Ц.Оюунгэрэл хатагтайд байгаа аж.
Тэрбээр “Яамаа төлөөлөн олон улсын уулзалтад очиход “Соёл, спорт аялал жуулчлалын салбараа нэгтгэж чадсан байхыг бодоход танай улс бүх талаараа аялал жуулчлалаа дэмжих гэж байгаа бололтой” гэж их таатай хүлээж авдаг. Өмнөд Солонгосын Засгийн газар ч сонгуулийнхаа дараа яг манай улсын жишгээр Соёлын яам байгуулсан. Тухайн үедээ соёл, спорт аялал жуулчлалаа нэгтгэж чадсан Засгийн газар ганц манайх байсан бол хоёр дахь нь Өмнөд Солонгос болсон. Дараа нь Вьетнамын Засгийн газар мөн манайх шиг шийдвэр гаргасан. Тиймээс манай яамны бүтцийг бүс нутагтаа үлгэр жишээ болсон гэж хэлж болно. Энэ гурван салбарыг нэгтгэж чадсанаараа манай Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэр дэлхийд анхдагч болсон” гэж ярилаа.
Үүнээс үзвэл дэлхийд анхдагч болсон цаашлаад бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлж буй уг яамыг татан буулгахгүй байх гэж Ц.Оюунгэрэл сайд үзэж буй нь тодорхой байна. Харин түүний горьдлого хэрхэн шийдэгдэхийг одоогоор тааж мэдэшгүй.
Т.Энхэлээ
24tsag.mn
URL: