Хүлээлт: Мэргэжлийн Засгийн газар
Нэрт нийтлэлч Баабар мэргэжлийн Засгийн газрыг байгуулах асуудлаар хоёр ч удаа нийтлэл бичиж интернэтэд тавихад 244230 иргэн сонирхон уншиж 100 орчим коммент бичжээ. Олон нийт мэргэжлийн Засгийн газартай болохыг хүсч байгаа юм байна. Олон жилийн өмнө гадаад харилцааны сайд байсан Гомбосүрэн гуайг одоо бараг бүх телевиз, сонин урьж, гадаад харилцааны асуудлаар санал бодлыг нь сонсож тайлбар хийлгэж байх юм.
Эрчим хүчний асуудлаар хэвлэл мэдээллийнхэн сайд асан Б.Жигжид гуайд л ханддаг. Жинхэнэ ажлаа мэддэг мэргэжлийн сайд нар байсан учраас олон жил өнгөрсөн ч эдгээр хүндтэй хүмүүсийн санал бодлыг сонсдог байх. Энэ хоёр салбарыг удирдаж байсан өөр олон сайд байдаг.
Гэвч одоо тэдний нэр мартагдаж, усанд хаясан чулуу шиг алга болцгоож. Ингээд бодоход мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн хүмүүсээс бүрдэх ёстой гэж хэлээд байх шиг.
Мэргэжлийн бус хүмүүсийг сайдаар томилохоор тухайн салбар ямар байдалд ордог гэдгийг өөрийн мэдэх эрчим хүчний салбар дээр яръя. 2004-2010 онд эдийн засагч Т.Очирхүү, уул уурхайн инженер Б.Эрдэнэбат, хятад хэлний орчуулагч Д.Зоригт, их сургуулийн багш Ч.Хүрэлбаатар, цэргийн офицер М.Сономпил нарын таван сайд 10 жил эрчим хүчний салбарыг ээлж дараалан удирдаад барахгүй байна.
Энэ салбар олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан хэвээр, техник технологийн бүрэн шинэчлэл хийгдэхгүй байсаар, шинэ цахилгаан станц баригдахгүй хүлээгдсээр, 40-50 жилийн настай хуучирсан станцуудыг ашигласаар, салбарын хамт олон ачааны хүндийг үүрсээр, бүх юм хэвээрээ байна.
Мэргэжлийн бус Эрчим хүчний сайд томилогдох бүрт бодлого өөрчлөгдөж байлаа. Үүнийг усан цахилгаан станцын /УЦС/асуудал хэлээд өгнө. Т.Очирхүү сайд болоод Орхон голын УЦС-ыг барих төсөл хөтөлбөр хийлгэв. Б.Эрдэнэбат сайд болоод Эгийн голын УЦС-ыг бариулна гээд шавыг тавив. Ч.Хүрэлбаатар сайд Эгийн голын УЦС-ыг бариулахгүй гэсэн Засгийн газрын шийдвэр гаргуулав.
Д.Зоригт сайд болоод УЦС-ын талаар ам ангайхгүй байсаар албаа дуусгав. Ингэж л Монгол Улсын эрчим хүчний гаднаас хараат байдлыг арилгах зорилго бүхий том хүчин чадлын УЦС-ын асуудал шийдэгдэхгүй олон жилийг ардаа орхив.
Одоо дээрх нэр бүхий эрхмүүд маань Эрчим хүчний сайдаар ажиллаж байснаа бараг мартчихсан юм шиг байна лээ. Ц.Гомбосүрэн, Б.Жигжид нар шиг ажиллаж байсан салбарынхаа асуудлаар ярих нь байтугай, сэтгүүлч асуувал бушуухан бултаад алга болдог болов уу.
Мэргэжлийн бус Эрчим хүчний сайд нар боловсон хүчний асуудалд голдуу алдаа гаргаж байна. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станцын төслийн удирдагчаар нэгэн том улстөрчийг, Эгийн голын УЦС-ын төслийн удирдагчаар УИХ-ын гишүүн асанг томилжээ. Тэгээд энэ хүмүүсийн нэр нүүрээр ажил явж байна гэж ярьцгаах юм.
Эрчим хүчний төслийн удирдагчаар зөвхөн эрчим хүчний мэргэжилтэй, эрчим хүчний салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай инженер хүнийг томилдог дэлхий нийтийн жишиг байдаг. Энэ бол хийж мэддэг инженерийн ажил, улстөрчийн ажил огт биш.
Тавантолгойн цахилгаан станцын төслийн удирдагчийн талаар хэлэхэд мундаг улстөрч, Монголын том сэхээтэн, Монгол Улсынхаа эдийн засгийг сайжруулахад түүний мэдлэг боловсрол туршлагыг ашиглавал илүү хэрэгтэй. Энэ чиглэлээр харин ч нэг данхайж ажиллах байх. Харин цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллахад түүний мэргэжлийн бяд үнэндээ дутна.
Эгийн голын УЦС-ын төслийн удирдагч гайгүй улстөрч, уул уурхайн сайн инженер хүн. Эрчим хүчинд биш улс төрдөө эсвэл уул уурхайдаа мэдлэг боловсрол туршлагаа зориулвал улсад илүү ашигтай болно. Эгийн голын Усан цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллах, өндөр ур чадвартай хэд хэдэн инженерүүд эрчим хүчний салбарт байдаг юм, салбарынхан хэлээд өгөх байх.
Эрчим хүчний сайдын зөвлөхөөр цэргийн хурандаа хүн ажилладаг гэнэ. Сайн хүн гэж ярьцгаах юм билээ. Хурандаа хүн батлан хамгаалахын сайдын зөвлөх хийвэл илүү үр бүтээлтэй, батлан хамгаалах салбартаа хэрэгтэй байх болов уу. Эрчим хүчний сайдын зөвлөхийг жинхэнэ утгаар нь хийчих Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэг дэвтэй хэд хэдэн хүн бий.
Сайдын зөвлөх хийх чадвартай эрдэмтэд бас байна. Эрчим хүчний инженерийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич мундаг эрдэмтэн байна, салбарынхан андахгүй.
Эрчим хүчний яамны аппаратыг мэргэжлийн бус хүмүүсээр бүрдүүлсэн гэж ярьж байна. Кино урлагийн хүн яамны хэлтсийн дарга хийдэг гэх мэдээллийг худал гэж найдъя. Эрчим хүчний зохицуулах хорооны захиргаа удирдлагын газрын даргаар цэргийн хурандаа ажиллаж байгаад “Энэ миний ажиллах салбар биш байна” гээд саналаараа явсан гэнэ. Ухаантай л хүн юм. Бусад нь ч гэсэн энэ хурандаагийн жишгийг дагавал эрчим хүчний салбар мэргэжлийн болж цэвэршинэ.
Мэргэжлийн бус хүн сайд хийхээр бусдын үгэнд хууртах, юмыг хэт дэврүүлэн юм хийсэн мэтээр ярьж Ерөнхий сайддаа дутуу дулимаг мэдээлэл өгөх байдал ажиглагдаж байна. Сүүлийн үед эрчим хүчний салбарт 20 жил хийгээгүй юмыг хоёрхон жил хийчихлээ гээд бараг амтай болгон ярьж рекламдаад байгаа нь үнэнд нийцэхгүй гэдгийг хэнээс ч айж эмээлгүй зоригтой хэлчихмээр байна.
Сүүлийн 20 жилд эрчим хүчний салбарт амь амьдралаа зориулан ажилласан мянга мянган ажиллчдын ажил хөдөлмөрийг үгүйсгэж байгаа хэрэг болох биз. Эрчим хүчний салбарт 20 жил хийсэн ажлыг хоёрхон жилд хийчихдэг ид шидтэн энэ ертөнцөд байхгүй.
III дугаар цахилгаан станцад 50 Мегаваттын/МВт/ турбин суурилуулсан нь тус станцын том бүтээн байгуулалт мөн бөгөөд станцынхны санаачилгаар хийгдсэн аж. Энэ бүтээн байгуулалт бол тус станцын хамт олны бахархал яах аргагүй мөн.
Би өөрөө III станцын бүтээгдэхүүн учраас баярлаж суудаг. IV цахилгаан станц дээр 100 МВт-ын турбин суурилуулаад удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа нь мөн адил. Энэ бүтээн байгуулалт тус станцын хамт олны бахархал яах аргагүй мөн.
Гэхдээ Монгол Улсын хувьд хоёуланг нь нийлүүлээд ч том бүтээн байгуулалт болж чадахгүй. Ерөнхий сайд эсвэл Эрчим хүчний сайд хэн ч бай хамаагүй, гаднын мэргэжлийн хүмүүст том бүтээн байгуулалт хийчихлээ гэж яривал тэдний инээд хүрэх болно. Харин 12 МВт-ын Дөргөний усан цахилгаан станц /УЦС/, 11 МВт-ын Тайширын УЦС-ыг Монгол Улсын том бүтээн байгуулалт гэж нүүр бардам ярьж болно.
Хэдийгээр гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулагчид босгосон ч 18 Мвт-ын Ухаа худгийн цахилгаан станцыг/М-Си-Эс групп хөрөнгө оруулсан/ бас 50 МВт-ын Салхитын салхин цахилгаан станцыг /Ньюком групп хөрөнгө оруулсан/Монгол Улсын том бүтээн байгуулалт гэж ярих ёстой.
Мэргэжлийн бус сайдууд эрчим хүчний үнийн асуудлыг сайн ойлгодоггүй. Эрчим хүчний үнэ нэмж саяхан бөөн асуудал боллоо. Хэрвээ мэргэжлийн удирдлагатай байсан бол арай өөрөөр асуудлыг шийдэх байсан байх. Нэмэхгүй бол болохгүй, үүнийг бид ойлгож байна, гэхдээ өнөөдрийн нөхцөлд хавтгайруулан нэмэх биш, үе шаттайгаар нэмбэл олон нийт ойлгох байсан.
Хэрэглэгчдээ тав ангилж болно. Эхний ангилалд гадаадад экспортын бүтээгдэхүүн гаргадаг алт, зэс, жонш, нүүрс гэх мэт байгалийн баялаг олборлодог уул уурхайн үйлдвэрүүд хамаарна. Тэд бодит өртөг зардалд тулгуурласан эрчим хүчний үнийг төлөх чадвартай учир заавал хямд үнээр эрчим хүчийг худалдан авч эрчим хүчний салбарыг хямралд оруулах гэж зүтгэхгүй байх, асуудлыг ойлгох байх.
Хоёрдугаар ангиллын хэрэглэгчдэд тансаг хэрэглээний үйлдвэр үйлчилгээний газрууд хамаарна. Архи, пиво, тамхины үйлдвэрүүд, бар, ресторан, караоке, биллиардны газрууд, зочид буудлууд зэрэг нь олон улсын зах зээлийн үнээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдаж байгаа байгаа учир зах зээлийн үнээр эрчим хүчээ худалдан авахад асуудал үүсэхгүй байх.
Заавал хямд үнээр эрчим хүч худалдан авч эрчим хүчний салбарыг алдагдалд оруулна гэж зүтгэхгүй. Эдгээр хоёр ангиллын хэрэглэгчдийн үнийг бодлоготойгоор нэмэх бол үлдэх гурван ангиллын хэрэглэгчдийн үнийг шууд биш шат дараалалтайгаар нэмж болно.
Гуравдугаар ангиллын хэрэглэгчид болох жижиг дунд үйлдвэрүүдийн үнийг нэмэхгүй тэвчье. Тэд ашигтай ажиллаж бизнес нь цэцэглэн хөгжих үе ирнэ, тэр үед асуудлыг хөндье. Дөрөвдүгээрт улсын төсвийн албан газрууд. Улсын төсөв алдагдалгүй болох үе бас ирэх байх, тэр үед асуудлыг хөндөе.
Тавдугаарт, жирийн айл өрх, иргэд. Амьдралын төвшин сайжирч ард иргэд маань төлбөрийн чадвартай болсон үед мөн асуудлыг мэргэжлийн тооцоотой хөндөе. Ингэж хэрэглэгчдээ ангилж үе шаттайгаар үнийг зохицуулбал нийгэмд үл ойлголцол үүсэх нь хамаагүй бага байх болно.
Мэргэжлийн бус сайд нар эрчим хүчний салбарыг удирдан өнгөрүүлсэн 10 жилийн гашуун туршлагаас харахад ийм байна. Дээрх хүмүүсийг ямар нэг байдлаар шүүмжлэх үгүйсгэх гэсэнгүй, гагцхүү өөрсдийн мэддэг салбартаа ажиллавал өөрт нь ч, ялангуяа улс оронд хэрэгтэй байна.
Нийгэм эдийн засгийн бусад салбарууд ямар байдгийг мэдэхгүй юм. Хууль зүйн сайдын албыг зөвхөн хуульч мэргэжилтэй хүн хашсаар ирсэн гэж хэлэхэд маргах хүн байхгүй. Гэтэл мэргэжил шаардах ёстой Эрчим хүчний сайдаар яагаад мэргэжлийн хүн томилж болдоггүй юм бэ.
2000 онд Н.Энхбаярын Засгийн газарт дипломатч Л.Эрдэнэчулуун гадаад харилцааны сайдаар, эмч П.Нямдаваа эрүүл мэндийн сайдаар, инженер Б.Жигжид дэд бүтцийн сайдаар, багш А.Цанжид боловсролын сайдаар, хуульч Ц.Нямдорж хууль зүйн сайдаар, генерал Ж.Гүррагчаа батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан санагдах юм.
Энэ жишээг өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх талаар улс төрчид сайн бодмоор. Ямартай ч Монголын олон нийт мэргэжлийн Засгийн газрыг хүлээж байгаа нь ажиглагдсаар байна.
Р.Ганжуур /Монголын Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо, Ерөнхий нарийн бичгийн дарга /
URL: