Хэрцгийгээр алагдсан хүүгийнхээ шүүх хуралд Ерөнхийлөгчийг урилаа

Налайх дүүрэгт 27 настай залуу Э өнгөрсөн жилийн аравдугаар сард зургаан удаа буудуулж амиа алдсан хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогджээ. Талийгаачийг түүний найз А.Мэндбаяр хөнөөсөн байдаг. Найзынхаа гарт амиа алдсан уг хэргийн анхан шатны шүүх А.Мэндбаярт 25 жилийн ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Харин хохирогчийн аав Д.Мөнхжаргал хэргийн мөрдөн байцаалт хангалтгүй байсан хэмээн үзэж байна. Анх шатны шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч талийгаачийг өвдөхгүй нас барсан гэсэн тайлбарыг хийсэнд Д.Мөнхжаргал гуай гомдолтой байна. Тэрээр “Зургаан удаа буудуулсан хүү минь өвдөлт мэдрэхгүйгээр нүд анина гэж байх уу. Хүн ёсны хувьд байж болшгүй тайлбар хийсэн” гэсэн юм.

Мөрдөн байцаалтын явцад А.Мэндбаяр “Талийгаач намайг дарамталдаг байсан. Намайг байхгүй хойгуур найз бүсгүйг минь хүчиндсэн. Тиймээс энэ хэргийг үйлдэх болсон” гэж мэдүүлсэн байдаг. Харин хохирогчийн аав үүнийг эрс эсэргүүцэв. Түүний хэлснээр хэрэгтэн А.Мэндбаяр өөрийн найз бүсгүй гэх Г.Уянгатай хамтран БНХАУ руу охидыг худалддаг байсан төдийгүй хар тамхины наймаанд ч холбоотой гэв. Г.Уянга нь БНХАУ-ын Эрээн хотод мөн хүн амины хэрэгт холбогдож байсан баттай баримтыг тэрээр олжээ. Тиймээс тэдний гэмт үйлдлүүд илчлэгдэхээс эмээж зохион байгуулалттайгаар хүүгийнх нь аминд хүрсэн гэсэн юм. Түүнийхээр зохион байгуулалттай гэмт хэрэг байсан нь тодорхой гэнэ. Талийгаач амиа алдах үед машинаас нь дөрвөн хүний хурууны хээ олдсоноос хоёрынх нь хэн болох нь одоо хүртэл тогтоогдоогүй ажээ. Мөн хүний туг үс олдсоныг ч нотлох баримтад тодорхойлж чадаагүйг онцлов. Тэрээр Д.Мөнхжаргал мөрдөн байцаалт дутуу явагдсан болохоор хэргийг дахин шалгахыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь хэрэг гарах үед А.Мэндбаярт ямар нэгэн шинжилгээ хийгээгүй нь хохирогчдын хувьд хардалт төрүүлжээ. Хэрэгтэн хар тамхины наймаатай холбоотой учир тухайн үед хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэж үзсэн байна. Тиймээс А.Мэндбаярыг мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэхийг тодорхойлоод өгөөч гэж холбогдох байгууллагуудад удаа дараа хандаж байсан ч тусыг эс олжээ. Түүнийхээр хэрэгтэнд цаазын ял өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэдийгээр чанга дэглэмтэй ангид 25 жилийн ял оноосон ч Өршөөлийн хууль зэргээр мөдхөн суллагдана гэж талийгаачийн аав бухимдаж байна. Уг хэрэг анхнаасаа зохион байгуулалттай төдийгүй А.Мэндбаярын хамт хоёр хүн байсан ч түүнээс бусад нь ял авахгүй өнгөрч байна гэв. Тиймээс цаазын ялыг халсан Ерөнхийлөгчийг онц хэрцгий хүн амины хэргийн шүүх хуралд хүрэлцэн ирэхийг Монгол Улсын иргэн хүний хувиар хүсч, хүүгээ алдсан аавын зовлон ямар байдгийг мэдрээсэй хэмээн ярилаа.

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих