Б.Баттулга: Визгүй зорчих бэлтгэлээ хангаад дуусч байна

32_b70c6e25f0ee8251315f73d3b2c04987537202c0Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын Зөвшөөрөл, бүртгэлийн газрын дарга Б.Баттулгатай ярилцлаа.

 

-ОХУ, Монгол Улс харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурсан. Бэлтгэл ажлыг хэр хангаж байна вэ?

 

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлахдаа хоёр орны иргэдийг2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн визгүй зорчих хэлэлцээрийг хийсэн. Энэ хүрээнд холбогдох албаныхан бэлтгэл ажлаа базаагаад дуусч байна. Юуны түрүүнд визгүй зорчихтой холбогдуулан Орос, Монголын хууль, эрх зүйн бичиг баримтаа нарийвчлан судалж байна. Ер нь зөрчилдөх хууль, тогтоомж байна уу, үгүй юү гэдгийг нягталж байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар ОХУ-ын иргэд аялал, жуулчлалын болон бусад чиглэлийн визээр манай улсын хил нэвтэрч байна. Манай иргэд ч адилхан хойд хөршөөс виз авч байгаа. Хилийн боомтод ойрхон амьдарч байгаа хүмүүс хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр хил нэвтэрдэг юм. Энэ нь тухайн хилийн бүсэд байгаа суурин газраас холдох эрхгүй байдгаараа ялгаатай. Жишээ нь Хиагтаас Алтанбулагт ирж арилжаа наймаа хийлээ гэхэд Улаанбаатар хот руу явж болохгүй гэсэн үг. Эрх нь хязгаарлагдмал байдаг.

 

-Хоёр орны харилцан зорчих иргэдийн тоо ямар байдаг вэ. Ихэвчлэн ямар зорилгоор ирдэг юм бол?

 

-Хоёр орны иргэдийн харилцан зорчиж байгаа хэлбэлзлийг харахаар монголчууд ОХУ руу илүү их зорчиж байна. Энэ үүднээсээ визгүй зорчих хэлэлцээр байгуулснаар манай орны иргэдэд илүү ашигтай гэсэн үг. Ганцхан жишээ татахад визийн төлбөр харилцан адилгүй байдаг. ОХУ-ын энгийн виз 73 ам.доллар, харин Монголынх 52.3 ам.долларын ханштай байна. Үнийн хувьд харьцангуй зөрүүтэй байсан учраас эдийн засгийн хэмнэлт талаасаа ашигтай яриа хэлэлцээр боллоо гэж манайх үзэж байгаа. ОХУ-ын иргэд сүүлийн үед аялал жуулчлалын зорилгоор манай улсад ирэх нь ихэсч байна. Харин хил орчмын нутаг дэвсгэрийн иргэд худалдаа, наймаа хийхээр ирдэг. ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг тээврийн жолоочид бизнес ангиллын визээр Монголд ирдэг.

 

-Онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан Оросын иргэдийг Монголын хил нэвтрүүлэхгүй гэсэн хязгаарлалт байгаа юу. Өмнө нь ийм асуудал гарч байсан санагдаж байна?

 

-ОХУ-ын иргэд Монголд амьдрахдаа гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй бага байдаг. Сүүлийн нэг жилийн дотор ОХУ-ын нэг иргэнийг албадан гаргасан. Тэр хүн онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан. Хойд хөршийн иргэд Монголын хуулийг хүндэтгэж, визийн болон захиргааны зөрчил гаргах нь ховор байдаг. Олон улсын эрэн сурвалжлах байгууллага буюу Интерполд бүртгэлтэй гадаадын иргэн, Монгол Улсад орохыг хориглосон гадаадын иргэн, манай улсад гэмт хэрэгт холбогдсон хүнийг хилээр нэвтрүүлэхгүй. ОХУ-тай визгүй болсноор бүлэглэлүүд орж ирж магадгүй гэсэн яриа гадуур байгаа. Энэ талд хууль хяналтын байгууллага нь өөрийн шугамаараа хяналт тавьж ажиллах байх

 

Ц.Анир

www.unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих