3 биш 2 бөхөөс допинг илэрч нэрсийг МҮБХ-нд ирүүлээгүй байна

бөхЖил, жилийн улсын наадамд бөхчүүд допинг хэрэглэсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татдаг боллоо. Энэ жил ч уламжлал давтагдсан.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулж, сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн төв лавораторид хүргүүлдэг. Энэ жил ч мөн тогтсон жишгээр сорьцыг хүргүүлж шинжлүүлсэн. Хариу нь мөн ирээд байгаа юм. Энэ жил гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл хэдэн хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан.

Тэгвэл гурав жиш хоёр бөхөөс допинг илэрсэн талаар Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан хэллээ. Гэхдээ допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй гэнэ. Учир нь допингийн шинжилгээний хариуг Монголын үндэсний олимпийн хорооноос Үндэсний бөхийн холбоонд албан ёсоор ирүүлээгүй байгаа аж. Бөхчүүдийн нэрсийг зарлах тухайд энэ мэт хуулийн зохицуулалт журам, байдаг учраас цаг нь болохоор зарлах юм байна. Энэ жилийн хувьд аймгийн хурц арслан С.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъяабат, Л.Лха-Очир нар улсын цолны босго алхсан. Харин улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага, улсын начин Б.Жаргалсайхан улсын гарьд цолонд хүрч, ес даван түрүүлсэн Н.Батсуурь улсын арслан цол хүртсэн билээ.

Тэгвэл эдгээр шинэ улсын цолтнуудаас хэн нь сэргээш хэрэглэсэн бол гэх таамаг хөвөрч эхэллээ. Үндэсний бөхийн холбоо допингийн хариуг албан ёсоор зарласнаар энэ асуултын хариулт тодорхой болох биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих