Үерт 3000 айл өртөх эрсдэлтэй байна

Олон хоногоор үргэл­жил­сэн, ус ихтэй борооны улмаас нийслэлд төдийгүй улс даяар голын болон уулын үер нүүрлэх аюул ихсээд байна. Энэ сарын 25-нд гэхэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Баяндавааны ам” гэдэг газарт голдож нь 1,5 мм-ийн хэмжээтэй мөндөр болон дуу цахилгаантай бороо орсоны улмаас тус бүс нутагт 11 айл өрхийн /Сэлэнгэ аймгийн-2, Улаанбаатар хотын-1, Дархан-Уул аймгийн-8/ 53,6 га талбайн төмс, хүнсний ногоо мөндөрт цохиулан, уулнаас буусан борооны усанд урсчээ.

Нийслэлд өнгөрсөн долоо хоногт усархаг бороотой байснаас олон айл өрх усанд автаж, аврагчид усыг соруулж авах, шинээр үерийн далан шуудуу босгох, хуучин даланг сэргээх, үерийн усыг хаан барьсан зөвшөөрөлгүй даланг сэтлэх зэрэг ажлуудыг хийсээр байна. Жилийн жилд үерийн далан дээр буусан айлуудаас болж төр засгаас хөрөнгө мөнгө гаргадаг байдал энэ жил ч давтагдлаа.

Оны эхний таван сарын байдлаар үерийн аюултай бүсэд 3000 орчим айл өрх байгаа судалгаа гарснаас хамгийн их буюу 803 нь Баянзүрх дүүрэгт, 669 нь Сонгинохайрхан дүүрэгт, 462 нь Чингэлтэй дүүрэгт суурьшиж байна. Одоогоор үерийн аюулд хичнээн айл өртөж, ямар хэмжээний хохирол учирсан талаархи нарийн тооцоо нэгтгэгдэн гараагүй байгаа аж. Азаар хүний амь нас эрсэдсэнгүй өнгөрлөө. Гэхдээ дахин ус ихтэй бороо орох мэдээг ирүүлж байгаа энэ үед дээр дурдсан бүс нутгийн айлууд үерт өртөх аюултай хэвээр байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм.


Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих