Монгол төрийн сүлд бөхөж байна

527-141135224151905_1000171Монголын төр өнөөдөр жирийн Монгол иргэдийнхээ төлөө биш, харин цөөн хэдэн хэсэг бүлэг хүний ашиг сонирхол, хүсэл зоригт нийцэн ажиллаж байна гэхэд хилсдэхээргүй болжээ. Эх орон, элэг нэгтнийхээ эрлэг болсон хэсэг бүлэг нөхдийн ааш авир, араа шүдэнд Монгол орон, монгол түмэн хэрчигдэж байна.

Ийм гаж явдлыг зарим хүн улс төр тун сонирхолтой байна хэмээн хөөрцөглөх нь ч байна. Яахлаараа хэсэг бүлэг болон талцаж, хот хөдөөгүй улс төржиж, хөгшин залуу, эр эм, юухнаар ч байсан үгсэн тэмцсэн ийм цөвүүн цаг, нөхцөл байдлыг сонирхолтой хэмээн үзэж, дүгнэж суудгийг би хувьдаа ойлгох юм алга. Нөгөө, монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэх үг хаачив.

Хатуухан хэлэхэд, өнөөдөр монголчууд төрөө барж идэж байна, түүгээр зогсохгүй нэгнээ барьж идэж байна.  Ийнхүү улстөрчид, төрийн түшээд, түмний манлай гэгдсэн нөхөд хүний мөс чанараа гээж төрийн сангаас, түмний хоолноос хумсалж биш, бүр халбагадан цөлмөж байгааг харж цөхөрсөн ард түмний арга нь барагдаж байна.

Эхэндээ тэд идэж уух, хүн чанараа гээхээ эрхбиш нуудаг, нэрэлхдэг байсан бол одоо бүр айж ичихээ нэг мөсөн мартжээ. Харин ч тэгж дураараа дургиж байгаагаа хиймортой, золбоотой аавын хүү, ээжийн охины хийдэг ерийн нэг ажил мэтээр ойлгож, ойлгуулдаг болсон байна.

Монгол төр нэг л бишээ, энэ улстөрчид арай л бишээ хэмээн хэн хүнгүй халаглах боллоо.

Уг нь Монгол хүний ёс жудаг гэдэг үнэн гайхамшиг юм. Тэр эрхэм нандин үнэт зүйл дээр нэмээд ардчилсан нийгмийг цогцлоож байгаа гэхээр ард түмэн тэс өөр зүйлийг хүсэн хүлээж байсан нь мэдээж.

Гэтэл улаантнуудыг үзэн ядаж үлдэн хөөсөн ардчилагчид, тэдэнтэй дөрөө харшуулагч өнөөгийн хоёр нүүртнүүд харин ч нэг улай үзэн овоордог хэрээ шиг, сэг зэм дээр уралцдаг махчин араатан шиг авирлаж байна. Үүнтэй холбоотой жишээг би Монголын нэн шинэ цагийн түүхийн хоёр их оргил дээр авч үзье гэж бодлоо.

Юмжаагийн Цэдэнбал, Намбарын Энхбаяр. Энэ хоёр нугаршгүй ноён нурууг монгол төрийн алдаатай бодлого, араатай шүд яаж хэрчин хугалсан, хэрчин хугалж байгааг та бид хэн хүнгүй халаглан харж байна.

Миний бие, 1990-ээд онд Улсын Дээд шүүхэд ажиллаж байхдаа Прокурорын газраас ял төлөвлөж ирүүлсэн ”Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгч хавтаст хэргийг уншиж, Дээд шүүхийн Бүгд хуралд илтгэх ажлыг хариуцаж байв. Энэ нь Ю.Цэдэнбал нарын 16 хүнд холбогдуулан ял төлөвлөсөн зохиомол хэрэг байсан юм.

Тэр үед Цэдэнбал нар ийм аймшигт хэрэг үйлдлээ гэж мөн ч их сурталчилж, зохиомол хэргээ зөвтгөн, ард түмнийхээ толгойг угааж байсныг хэн хүнгүй мэднэ.

Монголын төр, ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьдралынхаа 43 жилд нь Төрийн тэргүүн байсан Ю.Цэдэнбал гуайг гэмт хэрэгтэн байсан гэвэл та үнэмших үү? Гэхдээ төр эргэж, хөл толгойгоо алдахын цагт хэрэгтэн хэрэгтэн биш болж, гэмгүй нэгэн гэмтэн болох явдал тохиолддог юм билээ. Яг тийм явдал тохиож, тэр эрхэм хүнд Монголын прокурорын байгууллага гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял төлөвлөж, шүүх рүү шилжүүлж байсан юм даа.

Би тэр хэрэг гэгчийн нь тухай энд ярихгүй ээ, жинхэнэ үнэн мөнийг монголчууддаа дэлгэрэнгүй танилцуулах боломж жичдээ олдоно гэж бодож байна. Харин би энд Ю.Цэдэнбал гуайн амьдралын сүүлчийн жилүүд ямаршуухан гунигтай, харуусалтай, өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй байсан хийгээд түүний учир шалтгааныг товч боловч өгүүлэх гэсэн юм.

Улсын Прокурорын газар Ю.Цэдэнбал тэргүүтэн 16 хүнд ял төлөвлөж, хэрэгтэн болгож байхад харуусалтай хувь заяатай хөөрхий тэр хүн өөрөө Монголдоо ч байсангүй, бүүдгэр Москвагийн тэнгэр дор аюулт өвчинд энэлэн, ухаантай ухаангүйн хооронд хэвтэж байлаа.

Тэр хүн Монгол орондоо хөл тавих юмсан, нутгийнхаа сэнгэнэсэн агаараар амьсгалах юмсан гэж хэчнээн их тэмүүлж, “Монголд минь явуулаад өгөөч” гэж байнга гуйж байсан ч хүсэл нь биелэх тавилан даанч байсангүй. Дарга аа, дарга аа хэмээн хойно, өмнө нь орон нахилзаж бөхөлзөж явсан хамгийн сайн нөхөд нь гэж хэлж болох тэр цагийн эрхтэн дархтангууд харийн оронд нэг ёсондоо цөлөх ажлыг хийчихээд яаж эргэж ирүүлэхгүй байх вэ хэмээн тархиа шаналгаж байсан байх юм.

Хамгийн аймшигтай нь, хүнд өвчинд нэрвэгдсэн Төрийн тэргүүнээ, эрхэм нөхрөө, элэг нэгт монгол иргэнээ гэж санаа тавих сэтгэл тэдний хэнд ч байсангүй.  Тухайн улс оронд Монгол орноо төлөөлөн суугаа ЭСЯ-хан монгол амь болгоны төлөө, монгол амьдрал болгоны төлөө төрөө төлөөлөн зүтгэж байх үүрэгтэй билээ.

Гэтэл тэд амиа хоохойлж, албан тушаалд чөдөрлөгдөж Цэдэнбал гуайг эргэж тойрох битгий хэл хол хөндий байгаагаараа дарга нартаа үнэнчээ харуулж, хүний үнэргүй зангаараа нэг ёсондоо гайхуулж байсан юм.

Тун товчоор хэлэхэд, нэгжлэг хийх, хөрөнгийг нь битүүмжлэх, байцаалт авах гэж албаны хэдэн хүн сүр хүч үзүүлэн очиж байснаас бус хүний ёс жудаг зааж эргэж тойрсон хүн үгүй юм билээ.

Цэдэнбал гуай, монголчууд минь ирж намайг авч явна гэж хүлээж байхад,  төр нь энд түүний төгсгөл болохыг хүлээж байсан гэлтэй. Юу ч үгүй байсан Монгол орноо хөгжилтэй, дэвшилтэй орчин цагийн бүрэн эрхт тусгаар улс болгон хөгжүүлсэн, ард түмнээ өөдлүүлсэн тэр хүнийг хэн ч биш болгон тарчлаан зовоож, амьдын хагацалд умбуулан байж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ, бид. Гэхдээ, тэр хүн хийсэн бүтээснийхээ буянд бурхны оронд заларч одох хувь заяа байсан бизээ.

Чухам яг тэр үед Ю.Цэдэнбал даргын биеийн байдал ямаршуухан байсныг та мэдвэл эрхбиш нэг зүйл бодогдох байх аа.

Ю.Цэдэнбалын эрүүл мэнд, сэтгэцийн байдалд Шүүх эмнэлэг, Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт гаргах комиссын ажлын явцын протокол/1991-01-18/-д  дурьдахдаа: “… Ю.Цэдэнбалыг эхнэр нь очиж өрөөнөөс нь дуудан гаргаж ирэхэд, Ю.Цэдэнбал коридороор тун аажим их ядрангуйгаар хөлөө шалнаас хөндийрүүлэхгүй шахам тэнцвэр муутай, ойр ойрхон зөөж гишгэн, гараа сугаараа тэнийлгэж, тохойгоороо хагас нугалсан байдалтай явж ирэв.

Үс нь нэлээд ургасан, самнаагүй өрвийсөн, нүүр гараа хагас дутуу угаасан, сахлаа бүрэн авч чадаагүй, дотуур хувцсаа хааш яйшдуу өмссөн байв… Зочны өрөөндөө орж ирээд сандал дээр суухдаа тэнцвэр алдан унах дөхөхөд нь эмч нар түшиж туслан суулгав…

Бодит үзлэгээр Ю.Цэдэнбалын биеийн байдал сул дорой, ихэд эцэж турсан, царай нь цонхигор, гар хөл нь хүйтэн, арьс нь үрчлээтсэн, хуурайшсан, нуруу нь бөгтийсөн, хөдөлгөөн их удааширсан, хөдөлгөөний эвсэл тэнцвэр алдагдсан, нүүр гараа угаах, дотуур хувцсаа өмсөж тайлах зэрэг өөрийгөө арчлах ойр зуурын энгийн чадварууд алдагдсан, гадаад орчинтой сэтгэцийн хувьд харьцах чадвар бараг бүрэн алдагдсан, орон зай цаг хугацааны баримжаалал алдагдсан, нийт эрхтэн системд бүтэц үйл ажиллагааны доройтол, өөрчлөлт гарсан байна…” гэжээ.

Биеийн эрүүл мэнд нь ийм болчихоод байхад бүхнээ зориулж ирсэн Монгол оронд нь түүний эсрэг юу болж байв? Намынх нь Онц их хурал хуралдахад, өчигдөрхөн хамтын шийдвэр гаргаж, Ю.Цэдэнбалаас өөр эрхэм чухал хүнгүй хэмээн ам уралдан магтацгааж байсан нөхдүүд, түүнийг шийтгэх ёстой, ийм ч муу хүн байсан, тийм ч алдаа дутагдал гаргасан гэж хурлын индрээс хашгиралдаж, Ю.Цэдэнбал, түүний тойрон хүрээлэгчдийг шалгах комиссыг санал нэгтэй байгуулж ажилд нь оруулснаа туйлын зөв шийдвэр гаргалаа хэмээн алга ташицгааж байсан байдаг. Онц их хурлаас томилогдсон энэ комиссын дүгнэлт гэгч нь эцэстээ  Ю.Цэдэнбал нарт ял төлөвлөх үндсэн материал, эд мөрийн баримт болсон юм.

“Тойрон хүрээлэгчдийн хэрэг” хэмээх тэрхүү зохиомол хэргийг уншиж байхад, хүний санаанд оромгүй, ёстой л хөгийн гэж хэлж болох эсэн бусан зүйлсийг хүчээр цуглуулж, тийм юмсаар яллах үндэслэл болгосон байдаг юм. Ю.Цэдэнбалын хувийн хадгаламжийн мөнгийг Москва руу, өөр рүү нь  шилжүүлснийг гэмт хэрэг гэж үзэж, өдий төдий удаа хоргоон байцааж, эцэст нь гэмт үйлдэл гэж үзэж ял төлөвлөснийг юу гэхэв? Мөн тусгай хангамж эдэлж байсан гэж ял төлөвлөсөн зүйлийг одоогийн өндөр албан тушаалтнуудын эдэлж хэрэглэж байгаатай харьцуулбал хөөрхий дөө, юу ч биш нь аяндаа харагдана.

Заавал хэрэгтэн болгох гэсэн улайрал эцэстээ хүний ёс, жудгийг мартахад хүрсэн ёстой нэг нүдний булай гэмээр нэгэн жишээ бий. Нас барсан эр нөхрийнхөө шарилыг нутагт нь авчирч Алтан-Өлгийд оршуулсан яг тэр өдөр хагацлын нулимс нь эгших битгий хэл урсч байхад нь А.И.Филатоваг байцааж мэдүүлэг авч байсан гээд та бод доо.

Ю.Цэдэнбал нарыг хэрэгтэн болгохын төлөө үүсгэсэн энэ зохиомол хэрэг бол Монголын хууль цаазны түүхэнд үлдсэн гамшиг, Монголын улс төрийн амьдралд хоцорсон хар толбо, хэчнээн гашуун ч гэсэн сургамж, дахин давтагдах ёсгүй гутамшигт явдал байлаа. Иймэрхүү хэлмэгдлийг эрх мэдэлтний өс хонзон бий болгож, увайгүй ажил үйлстэй улстөрчид өдөөж байдгийг Монголын түүх хэчнээн удаа сануулах хэрэгтэй юм бол доо?

Амар, Гэндэн гээд төрийн зүтгэлтэн, ард түмний сор болсон олон сайхан хайран хүнээ харийн нутагт амиа алдахыг үзэхээрээ нэг бид үзсэн. Гэхдээ, тэр үед манай улс том гүрний бодлогын бүрэн эрхшээлд байсан, яах ч арга үнэндээ байгаагүй байж болно. Харин Цэдэнбал даргын хувьд бол их өөр өө. Бид өөрсдөө тэр хүнийг хуураад шахуу харьд явуулж, өөрсдийнхөө гараар хүний нутагт хүчээр хорьж байгаад алтан амийг нь суйлсан.

Гэтэл социализмын үеийн гунигтай, аймшигт тэрхүү түүх ардчилсан Монголд дахин давтагдана, амилан сэргэнэ гэж бидний хэн маань ч санаа ч үгүй , зүүдлээ ч үгүй.

Улстөрийн өшөө авалт, тооцоо бодолт өнөөдөр хэрээс хэтэрч байна. Үүнээс болж зохиомол хэрэг үүсгэн хэн нэгнийгээ хайр найргүй балбаж, хүн биш болгон харагдуулах явдал шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн нэг онцлог хэв шинж болж байна.

Хөрөнгө, хэтэвч нэгтэй хүмүүст итгэл үнэмшил, нам эвслийн ялгаа үгүй болж, үнэн худлыг ялгахаа байж, үүн дээр өшөө хорсол, улс төрийн тооцоо бодох хүсэл тачаал, эд хөрөнгө албан тушаалын шунал хэний ч нүдийг харанхуй болгодгийг өнөөгийн олон жишээ харуулж байна. Үүний нэг тод жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргын албыг хашиж байсан Намбарын Энхбаярыг хэрэгтэн болгож, түүнтэй улс төрийн тооцоо бодож байгаа явдал юм.

Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэн мөрдөн байцааж, шүүхээр хүчээр шийтгэсэндээ сэтгэл ханахгүй, улс төрөөс бүр арчих, Монголд ирүүлэхгүй аль болох хол байлгах, ингэснээрээ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх хүсэл улс төрийн өрсөлдөгчдөд нь байгааг хэн ч олж харж байгаа нь мэдээж.

Байхгүй хэргийг бий болгож ямар ч үнээр хамаагүй шоронд хийж, нүднээс далд байлгах нь тэдний төлөвлөгөөний 1-р хэсэг байсан бол, харин өөр бусдаар дахин гүтгүүлж, Монголд ирэх боломжийг хаах нь төлөвлөгөөний дараагийн хэсэг бололтой юм.

Тэр хүний зориг, зангараг, ухаанаас олон хүн айж байна. Түүний дотор, хэн илүү ойр байх вэ гэж өөр хоорондоо уралцан уралдан шадарлаж явсан “салшгүй сайн нөхөд” нь илүү их айж, бүр цус харвах шахаж байх шиг байна.

Иймээс дахин зохиомол хэрэг үүсгэж, түүнийг “аюултай гэм хэрэгтэн” болгож харагдуулах, айдас болгоомжлолыг бий болгож ард түмнийхээ тархийг угаах зохион байгуулалттай үйл ажиллагаа одоо ч үргэлжилсээр.

Энд урьд нь долигонох, бялдуучлахын ид хавыг үзүүлж өрөөнийх нь үүдийг сахиж, бусдыг оруулахгүй “өмчилж” байсан, ажил асуудлаа бусдаас илүү шийдүүлж байсан зарим хүмүүсийн увайгүй урвалт, бас дахиад хэлэхэд, хувийн өс хонзон, нүүрийг нь харахаас ичсэн арчаагүй байдал ташуур болж байгааг шуудхан хэлье.

“Чононоос илүү, чонотой нийлсэн гэрийн нохой аюултай” гэдэг энэ буюу.

Монгол эх орны эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, ашигт малтмал, байгалийн баялгаа ард түмэндээ нэмэр тустайгаар олзворлон ашиглах гээд ямар ч албан тушаалтны хэлээгүй үгийг Н.Энхбаяр хэлэх шиг хэлж, тэр бүхний төлөө тууштай тэмцэхээ илэрхийлж, ард түмнийхээ талд баттай зогсч байсныг монголчууд бид мэднэ.

Гэвч түүний тэрхүү эх оронч үгс, уриа тунхаг эрх мэдэлтэн олон хүнд аянга болон донсолгожээ. Тиймээс түүнтэй улс төрийн тооцоо бодох аянд дөрөө нийлэн мордоцгоож, хууль хүчний байгууллагын хүч туслалцаатайгаар тэрхүү хүслээ гүйцээж, зорилгодоо хүрснийг монголчууд бид бүгд харцгаасан.

Монголчууд аа, хилс зохиомол хэргийн улмаас Төрийн тэргүүнээс ялтны камер руу шилжсэн Намбарын Энхбаяр өөрийн хүсэлтээр Солонгос улсад очиж, тухлан жаргаж байгаа гэж бодож байна уу? Үгүй байна. Өнөөдөр төрийн тусгай ивээл, хамгаалалт дор байх ёстой Намбарын Энхбаяр эмнэлэг явах унаагүй, тамирдсан биеэ түшүүлэх хамгаалагч үгүй харийн нутагт нэг ёсондоо “хоригдож” байна.

Юмжаагийн Цэдэнбал улс эх орныхоо төлөө бие хайрангүй зүтгэсээр эдгэршгүй хүнд өвчинд баригдан, эцэст нь харийн нутагт хайран амь насаа алдсан бол, Н.Энхбаяр улс төрчдийн урьдаас бодож боловсруулсан баривчилгааны үеэр авсан олон хүнд гэмтэл, шоронгийн хүнд нөхцөлд онцгой их дарамтанд байсны ул мөр болон үлдсэн өвчин эмгэгээсээ салах гэж эмчилгээ бараадсан боловч тусыг сайн олохгүй байгаа юм байна.

Түүнд эх орондоо эргэж ирэх боломж олгохгүй балбаж байна. Н.Энхбаярыг баривчлах үед хоёр мөрний шөрмөсийг тасалсан, тархи толгойг нь цохисноос  амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан, бүх дотор эрхтэн үрэвсэн өвчилсөн зэрэг олон бэртэл, гэмтлийг тоочиж болно. Н.Энхбаяр Солонгост очоод  хоёр ч удаа хагалгаа хийлгэсэн, дараа дараагийн хүнд хагалгаанд орох ёстой ч биеийн тэнхээ болоод санхүүгийн бэрхшээлээс үүдэн хойшилжээ.

Монголчууд бид Төрийн тэргүүндээ хайрхамжгүй хандаж алдсан улс, одоо ч иймэрхүү л байна. Тэр хэрээр Монгол төрийн сүлд доройтож, дархлаа суларч байна.

Бид өнөөгийн болон дараа дараагийн Ерөнхийлөгчдөдөө мөн ийнхүү хүн бусаар хандаж, тэднийг харгислан зовоох уу? Өнөөдөр Монголын төлөө Ц.Элбэгдоржийн хийж байгаа сайн бүхнийг саар хэмээн гүтгэж төмөр торны цаана суулгах компанит ажил хэдхэн жилийн ард явагдах хэрэг үү? Үгүй ээ, тэгэх ёсгүй.

Монголын ард түмэн үүнийг хүсэхгүй, Монголын Ерөнхийлөгчид бүр ч хүсээгүй.

Монгол төрийн сүлд өөдөө байг, Монгол хүний ёс жудаг ариун байг аа.

Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж


URL:

Сэтгэгдэл бичих