Сэтгэлээ хармаар байх юм

527-141135059023543Хувиран өнгөрөх цаг хугацааны эргүүлгэнд завгүй, зайгүй амьдарсаар ямар их өөрчлөгдсөнийгөө нэг өдөр гайхах нь бий. Ер нь бид дэлхийтэйгээ цуг эргэдэг болохоор эргээд байгааг нь мэддэггүй гэдэг шиг он удаан уулзаагүй хэн нэгэн л “Ямар их хөгшрөөв дээ” гэж хэлдэг шүү дээ.

Зөвхөн өнгө төрхөөс гадна дотоод сэтгэл асар их өөрчлөгддөг. Дандаа элдвийн хядаантай эсвэл өс хонзонтой кино үзсээр зовлонгийн мөн чанарыг хүүхдүүд мэдэхгүй өсдөг болчихоо юу гэж санагдахаар үйлдэл олон болжээ. Ангийн охид нь зодолдож байхад нэг хүү “Алаад өг. Муу…..” гээд.гар утсаараа бичлэг хийж олон нийтийн цахим хуудсуудаар тараачих юм.

За тэгээд аль л амьтан хүн сэртхийлгэм амьтан тамлах, машинд дайруулсан хүн гэх мэтчилэн олон бичлэгийг хоорондоо тарааж үзэж байна даа. Очоод туслахгүй бичлэг хийгээд зогсож байгаа нь аймар.

Үхэж байгаа хүний зурагны дор “Энэ хужаа юу. Хятад бол гэх мэтээр бичсэн байх. Үхэх, төрөх гэдгийг дэндүү өнгөцхөн харж байгаа хэрэг бус уу. Бусдын зовлонг хөнгөн бодох нь балчруудад байтугай буддын гүн ухаан чиглэлээр манайдаа нэлээд нэрд гарсан нэгэн ламд хүртэл байдаг юм билээ.

Тэр лам сонинд ярилцлага өгөх үеэрээ “Би шоронгуудаар яваад хоригдлуудтай уулзаж байхдаа ингэж ярьдаг. Та нарт их атаархдаг. Өдрийн гурав хоолтой, хийх ажилгүй, тайван амгалан буддын лам нар зөвхөн үүнийг хайж л уул хаданд даяан хийхээр явдаг юм шүү дээ гэдэг” гэж ярьсан байж билээ.

Үнэхээр хүсээд байдаг юм өөрөө орох нь яасан хэрэг вэ. Зовлонг үзээгүй байж болох ч даажигнах нь буруу байлтай. Тэнд хүн үхэх, энд хүн өвдөх, тэр хүн уйлахыг кино кадрын хуурамч хальснаас ялгахгүй байгаа үр хүүхдүүдээ хэзээ сэтгэл гэдэг юмтай болгоно доо.

Өсөж томроод улс орон эх дэлхийгээ тэд л авч явах учиртай хүмүүс шүү дээ.

Ж.Энх

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих