Б.Шинэбаатар: Улсын өрийн хязгаар бага байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй
Ирэх оны төсөв хэлэлцэх гэж буй. Мөн хоёр хөршийн айлчлалаар Эдийн засгийн хөгжлийн яам ямар ажлуудыг хийхээр болсон талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатартай ярилцлаа.
-Энэ оны төсвийг хэлэлцэх гэж байна. Тэгэхээр ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засгийн цар хүрээ тэлж, энэ хэрээр хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэж байна. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвүүд болон Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, хот төлөвлөлт, иргэдийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн ирэх онд зайлшгүй шаардлагатай цэцэрлэг, сургууль, дотуур байр, эмнэлэг зэрэг нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилтэй хамтран шийдвэрлэхээр тусгасан. Судалгаанаас харахад урьд нь бид улсын төсвийн хэмжээндээ багтааж аль болох олон объектод хөрөнгө оруулалт шийдэх гэж оролддог байсан. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг байдлаар л төсөв мөнгөө хуваарилдаг байжээ. Харин манай яам байгуулагдсанаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг эрэмбэлж мөн хийж гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг олж санхүүжүүлдэг болсон. Ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина.
-Өнгөрсөн онд төсөв батлахдаа ам.долларыг 1384 төгрөг байхаар тусгаж байсан. Харин энэ жил валютын ханшийг хэрхэн тооцох вэ?
-Валютын зах дээрх ханшийн хөдөлгөөнийг таамаглахдаа макро эдийн засгийн суурь нөхцөл болох худалдааны тэнцэл, бонд болон гадаад зээлийн орох, гарах урсгалын тооцоо, гадаадын шууд хөрөнгө оруулалт, мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйлдвэржилтийг дэмжих, бүтээн байгуулалтыг өрнүүлэх бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын шийдвэр зэрэгт үндэслэдэг. Бидний тооцоогоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2013 онд 1384 орчим төгрөгт хэлбэлзэхээр хүлээгдэж байсан ч экспортын гол түүхий эдүүдийн үнэ буурсан, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ саарсан зэргээс валютын нөөц буурч, төгрөгийн ханш суларсан. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурсан нь манай экспортын орлого буурах гол шалтгаан болсон. Үүний зэрэгцээ “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларыг гүйцээж төлж чадахгүй байна шүү дээ. Мөн Оюутолгойгоос бага зэрэг мөнгө орж байгаа ч дийлэнх нь гадны банкуудаар урсаад байна. Энэ нь манай эдийн засгийн бүтэц өрөөсгөл, түүхий эдийн үнээс хэт хамааралтай болохыг харуулж байгаа юм.
Энэ байдлаас гарах гарц нь дотоодын үйлдвэрлэлийг даруйхан хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд түүнд шаардагдах зам, гүүр, эрчим хүч гэх мэт дэд бүтэц мөн хүний нөөцийг нэн тэргүүнд бэлдэх шаардлагатай. Иймээс л бид Чингис болон Самурай бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрийг ашиглан суурь бүтцээ сайжруулахад чиглэсэн төслүүдийг санхүүжүүлж байгаа юм. Валютын ханш нь иргэд, хөрөнгө оруулагчдын хүлээлтэд ихээр нөлөөлдөг тул цаашид төсвийн тооцоонд ашиглах ханшийг зарлахдаа 1384 гэх мэт цэгэн таамаглалаас илүүтэй 1600-1700 төгрөгийн хооронд байх боломжтой гэх мэтээр боломжит интервалыг тогтоож өгөх нь зүйтэй байна.
-Валютын нөөц багассан тухай ярихдаа хөрөнгө оруулалт саарсан, экспортод гаргасан бүтээгдэхүүний төлбөр орж ирээгүй зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа тухай ярьж байсан. Манай улс гаднаас авах авлага бий юу?
-Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны тэнцлийг харвал алдагдлын хэмжээ 25 сая ам.доллар болж буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл жилийн өмнө 1047 сая ам.долларын алдагдалтай байсантай харьцуулбал сайн үзүүлэлт. Энэ нь төгрөгийн ханш сулрах дарамтыг бууруулах ёстой. Гэвч, хөрөнгө оруулагчдын итгэл удаан сэргэж байгаа, Оюутолгойн баяжмалын экспортын орлого доллар болж орж ирэхгүй байгаа зэргээс манай улсын валютын нөөц дорвитой өсөхгүй байна. Тиймээс валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдад Монголыг сурталчлах, хэрэглээний зориулалттай импортыг бууруулах, бонд гаргах, Оюутолгойн экспортын орлогыг Монголдоо оруулах чиглэлээр бид ажиллаж байна. Хөрөнгө оруулалт буурсан тухай их ярьж байгаа. Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчид орж ирснээр бэлэн мөнгө ороод ирдэггүй шүү дээ. Ихэвчлэн оюуны хөдөлмөр, тоног төхөөрөмжөө үнэлсэн байдаг. Эндээс харвал валютын нөөцөд нөлөөлдөг зүйл биш. 2012 оноос хойш хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллараар буурсан тухай ярьж байна. Энэ бол Оюутолгойн тоног төхөөрөмжийн үнэ шүү дээ. Хэрэв Оюутолгой шиг ганцхан том төсөл өнөөдөр орж ирвэл түүний тоног төхөөрөмж, материалын үнэ хөрөнгө оруулалт болоод л тэр хэмжээгээр өндөр өсөлттэй болж харагдана.
-Том төслийг санхүүжүүлэх тухай ярьж байна. Гэтэл 1.5 тэрбум зэрэг нэлээд хэдэн зээлийн хөрөнгийг төдийлөн ашгаа өгөхгүй зүйлд зарцуулсан гэх шүүмжлэл бий?
-Ингэж боддог хүмүүсийг ойлгодоггүй. Яагаад гэвэл 1.5 тэрбум ам.доллар гэдэг бол жижиг зүйлд зарах юм бол их мөнгө. Харин том төслийг санхүүжүүлэх юм бол ганцхан том төслийн мөнгө. 2012 онд энэ мөнгийг босгож байхдаа манайд хангалттай төслүүд байна гэж үзэж байлаа. Учир нь Тавантолгойн цахилгаан станц, Сайншанд-Сүхбаатар-Чойбалсан-Нөмрөг-Бичигтийн төмөр замын төсөл, Сайншандын аж үйлдвэрийн парк, авто зам, усан цахилгаан станцын төслүүд байсан учраас шингээх боломжтой гэж үзэж байлаа. Харамсалтай нь хөрөнгө босгоод ирсний дараа тэдгээр төслүүдийн ТЭЗҮ, зураг төсөл нь бүрэн болоогүй байсан. Харин ч шинэчлэлийн Засгийн газар, ЭЗХЯ энэ хөрөнгийг босгосноор эдгээр төслүүдийг хөдөлгөж эхнээс нь ТЭЗҮ, зураг төслүүд бэлэн болсон.
-Саалиа бэлдэхээр саваа бэлдсэнгүй гэдэг шүүмжлэлийг та үгүйсгэж байна уу?
-Миний хувьд үгүйсгэж байна. Учир нь олон том төсөл байна. Хэрэв тухайн үед төмөр замын зураг, төсөл бэлэн байсан бол эсвэл дээрхи төслүүдийн аль нэг нь бэлэн байсан бол 1.5 тэрбум ч багадах байсан. Ер нь 2012 онд УИХ-аас таван тэрбум ам.долларын бонд босгох зөвшөөрөл олгоход нь бүгдийг босгосон бол өнөөдөр 2-3 төсөл хэрэгжиж, валютын ханш тогтвортой байх байсан болов уу. Энэ үед таван тэрбумыг босгох бүрэн боломжтой байсан гэж би үздэг. Замын төслүүдэд зээлийн хөрөнгө хийлээ гэх юм. Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд зарцуулсан ч гэж ярьж байна. Шүүмжлээд байгаа дэд бүтцэд Засгийн газрын шийдвэрээр санхүүжилт хийсэн. Аймгуудыг хоттой хатуу хучилттай замаар холбох ажил хийж байна. Шууд ашгаа өгөхгүй ч эдийн засгийн үр ашиг их гарна. Ер нь дэд бүтцийг төсвөөс санхүүжүүлдэг. Бидний хувьд урьдчилж мөнгө гарган энэ ажлыг эхлүүлсэн. Харин төсөвт гаргасан мөнгөө суулгаад буцаан авч дараагийн төслийг хэрэгжүүлнэ.
-Валютын нөөцийг нэмэх нэг гарц нь зээл гэж хэллээ. Манай улсын хувьд өрийн хязгаар ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Харин энэ заалтыг өөрчлөх ёстой гэдэг. Таны бодлоор?
-Өнөөдөр валютын нөөцийг нэмэгдүүлэх гарцууд хаалттай байна. Тухайлбал, экспортод бараа гарч байгаа ч төлбөрт өгчихдөг. Алт, мөнгөө зарахгүй, хөрөнгө оруулалтаар бэлэн мөнгө орж ирэхгүй байна. Тиймээс өрийн удирдлагын тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлаасай гэж хүсч байгаа. Ингэснээр өрийн хязгаарыг тодорхой хэмжээгээр өсгөх боломж бүрдэнэ. Тэгвэл гаднаас зээл авах боломж нээгдэнэ. Үүнтэй зэрэгцэн валютын ханш, инфляц уруудах боломжтой. Энэ асуудлыг УИХ-д байгаа сөрөг хүчин улс орныхоо ирээдүйг харж дэмжих байх гэж итгэж байна. Өмнөх шигээ Засгийн газар юу ч хийхгүй байна гэчихээд зээл аваад бүтээн байгуулалтаа хийе гэхээр өрийн хязгаар тулсан гээд хаалт тавихгүй байх гэж найдаж байна.
-Өрийн таазыг өөрчлөх ёстой гэдэг таны бодол хэр зэрэг үндэслэлтэй вэ. Хэн нэгэн 100 төгрөгийн цалин аваад 70-80 төгрөгийг өрөндөө өгөөд байвал юугаар нь амьдрах вэ гэдэг асуулт урган гарч байна л даа?
-Өнгөрсөн онд Чингис бондоор босгосон хөрөнгө манай эдийн засагт нэг талын хамгаалалт болсон. Бондоор хөрөнгө босгоод ирээдүйн хөгжилдөө зарцуулна гэдэг бол хөрөнгө оруулалт юм. Байртай болохын тулд моргэйжийн зээл авч урт хугацаанд төлдөгтэй ижилхэн зүйл л дээ. Нэг бол зээл аваад байртай бол, үгүй бол байргүй чигээрээ үлд гэсэн үг. Улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн тухайд яг тогтсон оновчтой хязгаар, босго, төвшин гэж байдаггүй. Олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, заавар байдаг гэхдээ улс орны эдийн засгийн онцлогоос хамаарч ялгаатай байдаг. Япон гэхэд өрийн харьцаа нь 230 хувь, АНУ-ынх 101.5 хувь байх жишээтэй. Манай яаманд байгаа судалгаанаас харвал өмнөх Засгийн газруудын үед өрийн хэмжээ 90 хувьд хүрсэн түүх байна лээ.
-Өөрөө муурын зулзага байж, арслангийн зулзагатай зэрэгцэж амьдарна гэж байхгүй гэх нь ч бий?
-Хөгжлийн эхэн үедээ яваа орнууд зээл аваад хожих нь олонтаа байдаг. Хамгийн гол нь бондын хөрөнгийг ирээдүйд үр ашгаа өгөх сайн төсөлд зориулах, зөв зарцуулах, эргэн төлөлтийг сайтар тооцож хянах, нарийн төлөвлөх замаар эдийн засагт оруулах нь чухал. Өмнө дурьдсан АНУ, Япон бол олон жишээний нэг. Илүү ойр жишээ ч зөндөө байна. Тухайлбал, Тайланд, Солонгос, Малайз зэрэг орнуудын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ өндөр байсан ч зээлээр боссон хөрөнгийг үр ашигтай төслүүдэд оновчтой зарцуулсны үр дүнд экспортын орлогоо нэмэгдүүлж, урт хугацаанд эдийн засгийн өндөр өсөлтөө хангаж чадсан байна.
-Яг одоогийн байдлаар манай улсын өр хэдэн хувьтай байна вэ. Учир нь өрийн хязгаараа хоёр дахин давсан өртэй болсон гэх юм?
-Хуулиараа энэ тоог Сангийн яам гаргана. Ер нь өрийн хязгаар багадаж байна гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Урт хугацаанд хүрэх хөгжлийн зорилттойгоо уялдуулж, богино хугацаанд яаралтай хийх ажил олон байгаа тул эдгээрийг шийдвэрлэхэд өрийн хязгаарыг өөрчлөх нь зөв сонголт гэж би үздэг.
-Танай яамнаас эдийн засгийг эрчимжүүлэх гарцыг гаргасан гэдэг. Харин хүмүүс арай өөр байдлаар ярьж байна. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Манай эдийн засагт тулгамдаад байгаа гол асуудал нь эдийн засгийн бүтэц өөрөө их эмзэг, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байна. Энэ нь валютын ханшийн огцом хэлбэлзлээр дамжин нийт эдийн засагт нөлөөлөөд байгаа юм. Эдийн засгаа олон тулгууртай болгохын тулд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, далайд гарах гарц, транзит тээврийн асуудлаа шийдвэрлэх, хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлагатай байна. Иймд бид нэг талаас экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн төслүүдийг эрчимтэй дэмжиж байгаа бол нөгөө талаас хоёр хөрш оронтой эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг нээхээр ажиллаж байна. Хууль эрхзүйн орчноо сайжруулах чиглэлээр ЭЗЭН-100 хөтөлбөрийн хүрээнд УИХ, Засгийн газар, хувийн хэвшилтэй идэвхтэй хамтран ажиллалаа. Зөвхөн энэ 100 хоногийн хугацаанд л гэхэд 19 хуулийн төсөл шинээр боловсруулж, гурван хуулийг батлуулсны үр дүнд эдийн засгийн суурь нөхцөл сайжирсан гэж үзэж байна. Хоёр хөрш маань бидний санаачилсан “Талын зам” төслийг дэмжихээ илэрхийлээд байна. Уг төслийн хүрээнд бид хоёр их гүрнийг холбосон авто зам, төмөр зам, эрчим хүч, байгалийн хийн хоолойг байгуулж, улсын сан хөмрөгийн орлогоо өсгөх боломжтой.
-Өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг. Харин хүмүүсийн шүүмжлэлийн гол бай болж байх үед та бүхэн яагаад тайлбар хийсэнгүй вэ?
-Ажил хийж байгаа хүн шүүмжлэлд өртөх явдал байдаг. Гэхдээ бид биеэ өмөөрөөд хэрэлдээд суух биш, хөгжилд саад болж байгаа олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Шүүмжлэл бүрт хариулах зав, цаг ч алга. Шаардлага ч байхгүй байх. Миний хувьд тэр болгон хэвлэл, телевизэд ярилцлага өгөх сонирхолгүй. Энэ миний сурсан мэргэжлийн ажил биш. Хүн бүр сурсан, хүлээсэн үүрэгт ажлаа л сайн хийх ёстой гэж үздэг.
-Хоёр улсын удирдагч ирээд явлаа. Танай яамтай ямар, ямар ажлыг хамтарч хийхээр болсон бэ?
-Хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн айлчлалар улс төрөөс гадна эдийн засгийн талаар ярилцсан. Нэлээд олон асуудлыг урьдчилсан байдлаар тохирсон. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийн талаар, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж, чөлөөт бүсийг хамтран судлах, банк хоорондын зээл, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн талаар гэх мэт олон асуудлыг хэлэлцсэн. Одоо тохиролцсон асуудлаа хэрэгжүүлэх механизмаа шийдэх ажлын хэсэг гарсан байгаа. Мөн Хятадын “Экзим” банкнаас 162 сая ам.долларын хэлэлцээр хийсэн байгаа. Энэ мөнгө орж ирж байна. Түүнчлэн Олон улсын хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд 20 сая евро манай дансанд орсон байна.
-Энэ мөнгөөр юу хийх вэ. Ингэж асуусны учир тодорхой төслүүд бий юу гэж бодсон хэрэг?
-Хөгжиж байгаа манайх шиг орны хувьд хөгжилд нэн тэргүүний шаардлагатай хөрөнгө оруулалт болох инженерийн дэд бүтэц, хүний хөгжилд оруулах санхүүжилтэд хугацаа алдах тусам ижил төвшний орнуудаас хөгжлөөр хоцрох хандлагатай байдаг. Иймд гаднаас хөрөнгө босгож шаардлагатай санхүүжилтээ хийх нь оновчтой шийдэл болдог. Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, бодит эдийн засгийн хөгжлийг түргэтгэх нь зүйтэй юм. Санхүүжилтийг босгож байна, юунд зарцуулах вэ гэдгийн хувьд бид яамдуудтай хамтран санал боловсруулж Засгийн газар шийднэ.
БНХАУ-ын Хөгжлийн банкны 162 сая ам.долларын эх үүсвэрийн хувьд авто замын төслүүд, Дулааны III цахилгаан станцын өргөтгөл болон Амгалангийн дулааны станцыг санхүүжүүлэх юм. Харин ОХУ-ын Внешэкономбанкны 74.1 сая хүртэлх ам.долларын эх үүсвэрээр Дулааны IV цахилгаан станцын өргөтгөлийн санхүүжүүлтийг хийнэ.
-Таниас асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Таны өрөөнд чагнах төхөөрөмж байсан тухай хэсэг шуугисан. Энэ асуудал юу болсон бэ?
-Тухайн үед тагнуулынхан ирээд төхөөрөмжийг нь аваад явсан. Ер нь хуульд зааснаар 5-6 байгууллага чагнах эрхтэй байдаг юм байна. Тэгэхээр хуулийн дагуу прокуророос зөвшөөрлийг нь авсан бол надад хэлэх зүйл алга. Хэрэв хувь хүн тийм үйлдэл хийсэн бол ярих юм бий. Магадгүй зөвшөөрөлтэй газрууд нь эдийн засгийн гол зүйлүүд ярьдаг учраас зайлшгүй чагнах хэрэгтэй байсан юм болов уу гэж бодож байна. Яг одоогийн байдлаар надад эцсийн хариу ирээгүй.
-Бас нэг зүйлийг асууя. “Алтанбулаг чөлөөт бүс” нээгдсэнээр эдийн засаг сэргэхэд чухал нөлөөтэй гэдэг хүлээлт хүмүүст байсан. Гэвч энэ хүлээлтэд хүрч ажиллахгүй байна гэх шүүмжлэл гарч байна?
-Аливаа шинэ зүйл төгс хэрэгжүүлэхэд нэлээд ажил хугацаа шаардана. Үүнийг хэрэгжүүлэхэд урт хугацаа орсон, утаа болон замхрах болов уу гэдэг уур амьсгал давамгайлсан байлаа. Орон нутгийн Засаг захиргааныхантай уулзаад явж байхад “Нүүдлийн шувууд ирж л байдаг, буцаж л байдаг юм чинь” гэсэн байдлаар хүлээж авч байлаа. Аргагүй бид аль 2002 оноос эхэлсэн ажил хэдийгээр хүлээлтээс доогуур ч нээж чадсан нь том ололт. Олон бэрхшээлийг давж хийсэн ажил юм шүү дээ. Энэ бүсийг нээсний үр дүн гарсан гэж үзэж байна. Учир нь одоогийн байдлаар тус бүсээс 90 гаруй сая төгрөгийн татвар төсөвт оруулжээ. Тиймээс ажлаа хийгээд эхэлсэн хүмүүс битгий хаагаачээ гэсэн хүсэлт тавьсан. Хүмүүсийн хүсэлтийг Засгийн газраар хүлээн авч ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл хугацааг нь сунгасан. Түүнчлэн ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь том хөшүүрэг болно гэж үзэж байна.
-Намрын чуулган эхлэхээр Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх тухай Ерөнхий сайд мэдэгдсэн. Танай яам хэр бат бөх суурьтай гэж бодож байгаа вэ. Хүмүүсийн харж буйгаар хамгийн түрүүнд хасагдах газруудын нэг нь танайх бололтой?
-Манай яам нь Шинэчлэлийн Засгийн газрын үед гарч ирсэн шинэ яам. Тус яам байгуулагдсанаар улс орны хөгжлийн богино, дунд, урт хугацааны төлөвлөлт, гадаад, дотоодын зээл, тусламж, хамтын ажиллагаа, салбарын яамдын уялдаа холбоо, концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө санхүүгийн хуваарилалт гэх мэт олон асуудлын нэгдсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Энэ үүргээ манай хамт олон хоёргүй сэтгэлээр хийж байна. Иймд манай яамыг аль нэг яамтай нэгтгэх биш харин ч хөгжлийн бодлого төлөвлөлтийн суурь судалгаа хийдэг байгууллагатай байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь заавал төрийн байгууллага байх шаардлагагүй. Дээрх судалгааны байгууллага нь шинжлэх ухааны үндэстэй, тооцоотой, бодит судалгаа гаргана шүү дээ.Сайн тогтолцоог бий болгоход цаг хугацаа шаарддаг харин нураахад маш амархан байдаг.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: