Бага насны хүүхдүүд алга болж буй нь “Хүн худалдаалах” гэмт хэрэгтэй холбоотой юу?
Сүүлийн үед бага насны хүүхдүүд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагат ирэх болжээ. Хүүхдүүд тоглоомын талбай болон дэлгүүр, сургууль орох замдаа алга болсоор байгаа нь хачирхалтай. Зарим тохиолдолд хүүхдүүд төөрсөн байдаг байна. Гэхдээ өнөөдөр манайх шиг ядуу буурай улс оронд гэмт хэрэг цэцэглэх нь амархан. Тэр дундаа дэлхийн нийтийг цочироогоод буй “Хүн худалдаалах” гэмт хэрэг манай улсад далд байдлаар цэцэглэж байна.
Манай улсын охид тус гэмт хэргийн золиос болсоор байгаа бөгөөд ийн гэмт хэрэг гарч байгааг мэдсэн хууль хяналтынхан ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол охин малайз руу явсан тэрээр хүний наймааны золиос болсон харамсалтай хэрэг гарсан. Энэхүү хэрэг нийгмийг түгшээгээд байсан билээ. Дээрх хэрэгт цагдаа хяналтынхан арга хэмжээ авч чадаагүй бөгөөд тэрээр харь оронд хүний гарт амиа алдсан.
Энэ мэтчилэн бидний мэдэхгүй олон охид хүний наймааны золиос болсоор байгаа. Түүнчлэн өнөөдөр дэлхий дээр хүний наймаа гэдэг асуудал хурцаар хөндөгдөж байгаа хэдий ч үүнийг таслан зогсоох ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Энэтхэг улсад л гэхэд 500 мянган хүүхэд бусдад хулгайлагдаж, хүчээр хөдөлмөр эрхэлдэг гэсэн мэдээллийг тус улсын Засгийн газраас гаргасан байна.Энэ нь нэг ёсондоо найман минут тутамд нэг хүүхэд алга болж байна гэсэн үг юм.
Тэдгээр алга болсон хүүхдүүдийн тэн хагас нь хэзээ ч олдож байгаагүй гэнэ. Зөвхөн Энэтхэг улсын хэмжээнд л хүний наймаа тэр тусмаа хүүхэд хулгайлах гэмт хэрэг ийм өндөр байгаа юм чинь дэлхийд хэдэн минут, секунтээр хэмжигдэхийг хэлж мэдэхгүй. Иймээс хүүхдээ хүний найманы золиос болгохгүй үүднээс эцэг эхчүүдийн хараа хяналт тун чухал болоод байгаа юм. Үүнээс гадна хүүхдүүдийг уруу татаж буруу замруу оруулдаг байна.
Тодруулбал: Өнгөрсөн онд шар хадны эцэст байдаг нэгэн айлын 6-8 настай хоёр эмэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад алга болжээ. Орж ирэхгүй удаад байсан учир эцэг эх нь дуудахаар гарахад ойр хавьд байхгүй байж. Чихэр авахаар дэлгүүр орсон юм байхдаа гээд тэр хавийн бүх дэлгүүр хоршоогоор орж, эцэсийн буудал, сургууль, цэцэрлэг, танидаг айлууд гэх мэт бүхийл газраас хайж, сурсан ч эцэстээ ололгүй 3 цаг болсон тул хэсгийн цагдаад мэдэгдэж, хайхад тэндэхийн христийн сүмд байжээ.
Эцэг эхэд нь хэлэхгүйгээр гоё юманд сууя, юм үзүүлнэ гэх мэтээр христчүүд хүүхдүүдийг хуураад цуглаанруугаа авч явдаг тухай эцэг эхчүүд ярьж байлаа. Мөн энэ мэт хүүхэд алга болсон гэсэн дуудлага БГД, Төмөр зам, тээврийн товчоо орчим удаа дараа гарч, шалгахад нэгэн урсгалийн Христийн цуглааных нь байрныхаа гадна тоглож байсан хүүхдүүдийг элдэв чихэр, жимсээр хууран гоё юм үзүүлнэ гээд дагуулаад явсан байжээ. Бага насны хүүхдийг шашны урсгалд уруу татан хуурахад хуулийн дагуу хариуцлага тооцдог. Үүнийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй учраас арга хэмжээ авахуулж чаддаггүй. Хүүхдүүдээ сайн дураараа явж байна гэж ойлгоод загнаад байдаг байна. Хэдэн жилийн өмнө христийн нэгэн буруу урсгалд итгэсэн хүүхэд диваажинд очино гээд амиа хорлосон түүх бий. Энэ мэтчилэн гэмт хэргийн арга улам нарийссаар байгаа нь нийгэмд аюул авчирч байна.
Үүнээс гадна саяхан нэг айлын хоёр хүүхэд алга болсон талаар мэдээллээд байсан. Гэхдээ тэдгээр хүүхдүүд олдсон байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 18-нд цагдаагийн ерөнхий газар хүүхэд алга болж буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийжээ. Хурлаар мэдээлсэн зүйлийг цухас дурдвал: Нийслэлийн хэмжээнд насанд хүрээгүй хүмүүс оршин суугаа газраасаа алга болсон гэсэн дуудлага хоногт дунджаар 10-15, сард дунджаар 200 дуудлага бүртгэгддэг байна.
2014 оны эхний наймдугаар сарын байдлаар нийслэлийн цагдаагийн газрын 102 дугаарын утсанд зөвхөн насанд хүрээгүй хүмүүстэй холбоотой 1600 гаруй дуудлага ирж, хоногтоо 2-3 нь гэртээ эргэж ирээгүй, эсвэл эргэж цагдаагийн байгууллагад олдсон тухай мэдэгдэггүй гэсэн тоо баримт энэ асуудал хурцдсаныг илтгэх тоо баримт юм. Насанд хүрээгүй хүмүүс оршин суугаа газраасаа алга болсон тухай мэдээлэл авч гол нөхцөл шалтгааныг тодруулахад, дийлэнх нь хичээлдээ явна гэж гараад ирээгүй, гэр бүлийн таарамжгүй харьцаа, хэрүүл маргааны улмаас орон гэрээсээ дайждаг, найз нөхөдтэйгөө уулзна гэж яваад ирээгүй зэрэг асуудлууд зонхилдог юм байна.
Насанд хүрээгүй хүмүүс оршин суугаа газраасаа алга болсон дуудлага 2014 оны есдүгээр сарын 16-ны байдлаар 191 ирсэний эрэгтэй 116, эмэгтэй 77 байна. Хоногт дунджаар 8 дуудлага мэдээлэл ирж байгаагаас хамгийн их дуудлага мэдээлэл ирсэн нь есдүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд өсчээ. Мөн бага насны хүүхдүүд төөрсөн, гадаа тоглож байгаад хичээлээ тасласан, цахим тоглоомонд донтсон, эцэг, эх нь архидан согтуурдаг, гэр бүлийн хүчирхийлэл, дарамт нөлөөлөн гадуур тэнэх сонирхолтой болсон гээд цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоосон олон төрлийн шалтгаан гардаг байна.
Үүнээс гадна хамгийн аймшигтай хүний наймааны хэрэг, хүн хулгайлах этгээдүүд бидний дунд цээж тэнэгэр юу ч болоогүй мэт байсаар байгаа юм. Бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гадаа тоглуулах, хүн ихээр төвлөрсөн газар авч явах, хичээл сургуулиас нь авахгүй зэрэг байдлаас болж төөрдөг, өсвөр насны хүүхдүүдийн хувьд тэдний зан харьцаа, нийлж нөхөрлөдөг найз нөхөд, үерхэл, чөлөөтөй цагаа хэрхэн өнгөрөөж байгаа байдал, сонирхол, амралт, зугаалга, хүүхэддээ анхаарал тавиагүй зэрэг байдлаас болж гэртээ оройтож ирэх, хонуутаар явах, тэнэх асуудалд эцэг, эх, асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай.
Эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа сулруулсанаар хүний наймааны золиос болох аюултай нийгэм бий болоод байна. Тиймээс энэхүү бага насны гэлтгүй өсвөр насны охид хөвгүүдээ эцэг эхчүүд анхаарал хандуулж түүнд дээрх гэмт хэргээс сэргийлэх талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа юм.
Үндэстэн.мн
URL: