Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг шинэ хууль буюу шоронжсон Монгол улс

20140919014022Эрүүлжүүлэх байр гэдэг нэр томъёо энэ сараас эхлэн хэрэглэгдэхгүй болж байгаа юмсанж. Соц нийгмийн 70 жилийн туршид хэрэглэгдэж байгаад ардчилсан нийгэмд үе залгамжлан ирсэн “Эрүүлжүүлэх” гэсэн үг ийнхүү халаагаа тавьж өгсөнөөр “Саатуулах байр” гэдэг юм бий болох ажээ. Бидний сайн мэдэх Албадан саатуулах төв 111-ийн хуучин байрыг удахгүй нурааж эхлэх бөгөөд хуучин “Ганц  худаг”-ийн байр луу нүүлгэн шилжүүлж, 1200  хүний багтаамжтай болгох юм гэнэ. Мөн дүүргүүдийн эрүүлжүүлэх  байруудыг ч гэсэн тэнд төвлөрүүлэх юм байна. Нэг ёсондоо эрүүлжүүлэхүүд “Саатуулах байр” нэртэй болж дүүргүүдийн цагдаагийн газрын мэдлээс гарч бүрэн биеэ даасан статустай том шорон болон хувирч юм байгаа байх. Удахгүй нээгдэх намрын чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэ хууль ч үүн дээр нэмэр болж байгаа ажээ.

Уг хууль батлагдсанаар Захиргааны хэргийн хууль үгүй болж, өмнө нь долоо хоног, арван дөрөв хоногоор баривчлан саатуулдаг байсан нь өөрчлөгдөн ял болж хувирах юм байна. Ялын доод талын хугацаа нэг сар бөгөөд зургаан сар хүртэл ял оноож байхаар тусгаад байгаа юм байна. Тиймээс ар гэртээ агсам тавиад дуудлагаар баригдаж ирсэн эсвэл архи уугаад энд тэнд хэрэг төвөг тарьсан хүмүүс автоматаар ялтан болж хувирах юмсанж. Хэрвээ энэ хууль батлагдан мөрдөгдөөд эхэлбэл Монгол улсын хэмжээн дэх хоригдол ялтаны тоо одоо байгаа 9000 дээрээ огцом хурдтай нэмэгдэн 16 мянга болж өснө гэсэн үг. Өмнө нь таван эрэгтэй хүний нэг нь шоронд хоригдох ялаар шийтгүүлдэг гэсэн судалгаа байсан бол шинэ хууль гарсанаар таван эрэгтэй тутмын гурав нь ял эдэлж байсан гэсэн хар тодорхойлолттой болно гэсэн яриа ч байна. Ц.Нямдорж хар хууль санаачлан Монголыг шоронжуулсан хэмээн шүүмжилдэг АН-ынхан ийнхүү монгол хүн болгоныг ялтан болгох зорилт тавьж янз бүрийн арга сэдэж байгаа гэмээр юм уу?

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих