Гурван хүний аминд хүрсэн “River stone” гүйцэтгэгч компаниуддаа төлбөрөө өгөхгүй байгаа гэв
Энэ сарын 7-нд “River stone” хорооллын барилга дээрээс гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон хүнийг цочирдуулсан. Уг барилгын захиалагч нь “Эс Девелопмент” гэх компани. Тус компани 2009 оноос хойш “Шунхлай” группийн харъяа барилга угсралт, шинэчлэлийн төслүүдийг хариуцан ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар 2011 оноос бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч “Шунхлай” групптэй холбоотой байсаар ирсэн гэдгийг зарим эх сурвалжууд онцлоод байгаа юм.
Тэгвэл “Шунхлай”-гийн далбаан дор явдаг гэгдэх уг компанийн барилга дээрээс 17-23 насны гурван сайхан залуу унаж амиа алдсан хэргийг дахин сөхөе.
Учир нь уг хэрэг юу болж байгаа бол, томчууд цаагуураа ярьж, зохицуулаад замхарчих вий гэх иргэдийн хүсэлт манай сайтад ирсээр байгаа юм.
Юутай ч хэргийн талаар албаны эх сурвалжуудаас нэмэлт зүйлийг тодруулах гэсэн боловч “Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажилгааг үргэлжлүүлж байна” гэхээс өөр тайлбарыг өгсөнгүй. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа юм.
Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас осол гарсан шалтгааныг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан гэсэн ерөнхий дүгнэлт гаргачихаад байгаагаа онцоллоо.
“River stone” хорооллын удирдлагуудын зүгээс бол уг хэргийг шийдэгдтэл туслах компаниуддаа гэрээний мөнгөө өгөхгүй байгаа талаар эх сурвалж хэллээ.
Өөрөөр хэлбэл, ослоор далимпуулж “River stone”-ий зүгээс гэрээ байгуулсан шинэ гүйцэтгэгч хийгээд өмнө нь гэрээтэй байсан компаниуддаа мөнгө, төлбөрөө өгөхгүй байгаа гэнэ.
Юутай ч уг барилга яалтачгүй хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас үүдэлтэй гэдгийг албаныхан удаа дараа онцлон хэлсэн билээ. Тухайн үед НМХГ-аас ямар тайлбар өгч байсныг дор сийрүүлье.
“Манай байгууллагаас “River stone” хорооллын барилга дээр гарсан ослын шалтгааныг дүүжинт өргүүрийн дээвэр дэх гарны бэхэлгээний боолт мултарч, тросс нь суларч, унаж тасарсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ гэхдээ эцсийн дүгнэлт биш. Бид техникийн осол уу, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан байна уу гэдэг дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан гэсэн ерөнхий дүгнэлт гаргачихаад байгаа. Дүүжинт өргүүр тасарна гэж тооцож ажилчиддаа давхар бэхэлгээ хийх ёстой байсан. Гэтэл амиа алдсан гурван залуугийн хувьд ямар ч бэхэлгээгүй ажиллаж байсан юм билээ” гэж НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун онцолсон юм.
Өнгөрсөн удаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй “Хурд” грүппийн “Хүннү” хорооллын барилгаас 25 настай иргэн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Тухайн үед нийгэмд яг л ийм шуугиан болж байгаад нэг хүн хохироод л чимээгүй болсон. Уг хэрэг хэрхэн шийдэгдсэн, компаниудад ямар хариуцлага тооцсон нь ч одоо болтол илчлэгдээгүй.
Харин гурван хүний аминд хүрсэн уг хэргийг хуулийн байгууллага олон нийтэд нээлттэй, барилгын компаниудад сургамж болохуйц мэдээлж байхыг иргэд хүсч байгаа юм.
24tsag.mn
URL: