Галзуурсан адуу хоёр хүнийг хазаж хүнд гэмтээжээ

bf843c1721b419ce9221382937ba017d729bb2beТөв аймгийн Алтанбулаг суманд халдварт галзуу өвчин туссан адуунд хоёр хүн хазуулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тодруулбал, энэ сарын 15-ны орой тус сумын эмнэлэгт адуунд хазуулсан гэх  гарандаа шархтай, 39 настай Д хэмээх залуу маш их цус алдсан байдалтай иржээ. Улмаар төд удалгүй бас нэг залуу өнөөх адуунд хазуулсан байдалтай ирсэн нь 32 настай А гэх иргэн байсан бөгөөд өөрийнхөө хээр зүсмийн адуунд хазуулсан гэжээ.

Ийнхүү хоёр хүнийг хазсан адуу ямар нэг өвчтэй гэсэн хардлага авсан сумын мал эмнэлгийн эмч нар газар дээр нь очиж үзэхэд хээр адуу байгалийн голомтот галзуу өвчин авсан нь анхны шинж тэмдгээр илэрчээ. Улмаар уг адууг устгалд оруулж, тархинаас нь дээж аван, лабораторийн шинжилгээнд явуулаад байгаа юм байна. Мөн галзуурсан хээр адуу өмнө нь чононоос сүргээ хамгаалж хазуулж байсан гэж эзэд нь ярьсан байна.

Мал амьтадын галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх

Галзуу өвчин бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн системийг гэмтээгч вирусээр үүсгэгддэг, үхлээр төгсдөг, цочмог явцтай, хүнд халдварладаг зоонозын  халдварт  өвчин юм. Халдварын эх үүсвэр нь галзуурсан чоно, нохой, тэдэнтэй хавьталд орж хазуулсан гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад болно. Галзуугийн вирус нь зэрлэг болон гэрийн тэжээмэл чонын төрлийн махчин амьтдын дунд нэгээс нөгөөд дамжин байгалийн голомт үүсгэн оршиж байдаг. Ялангуяа хярс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад тал хээрийн бүсэд галзуугийн байгалийн голомт болдог.Гэрийн тэжээвэр амьтдаас галзуу өвчинд хамгийн их мэдрэмтгий нь нохой, үхэр, хонь, адуу, гахай болон бусад амьтад юм.

Галзуугийн гаралт намар махчин амьтдын үр төл томорч сүрэг шинээр бий болох, тэжээлийн хомсдол бий болсон өвөл хаврын улиралд ороо нь орж олноороо бөөгнөрөн сүрэглэх үед ихэснэ. Харин суурин газрын хувьд өвчний эпизоот нь золбин нохой, муурны дунд явагддаг.

Уг өвчнөөр өвчилсөн мал, амьтны шүлс их хэмжээгээр гадагшлах, дуу чимээ гэрлийн нөлөөнд хэт мэдрэмтгий болох, залгиурын саажилтын улмаас тэжээлийн дуршил буурч хүүхэн хараа өргөсөх, зовхинд цус хурах, биеийн халуун нэмэгдэх, мал, амьтны зан төрх өөрчлөгдөн догшин болох, бусад мал, хүн рүү дайрах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг.

Сүүлийн үед орон нутагт уг өвчин ихсэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, тэмцэхэд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

  • Малыг байнгын хариуллага маллагаатай байлгаж, мал хариулж буй малчин, гэр бүлийн гишүүд болон мал, амьтдыг үнэг, чоно, хярс, мануул зэрэг амьтад хазаж, ноцохоос сэргийлэх, уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийх.
  • Хот айлын ойролцоо үхсэн зэрлэг амьтдын сэг зэмийг устгах, булшлах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Үнэг, чононд ноцуулсан мал, амьтныг эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс өмнө малчинтай харилцан тохиролцож устгах, хот айл, суурийн мал амьтдыг ноцсон тохиолдолд үнэг, чоныг яаралтай устгах ажлыг зохион байгуулж, хүүрийг задлахгүйгээр булшлаж, халдваргүйжүүлэх
  • Уг өвчний шинж тэмдэг ажиглагдвал мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх

 


URL:

Сэтгэгдэл бичих