Н.Лхагвадорж: Манайх шиг хямд зардлаар зам тавьдаг улс байхгүй

Н.Лхагвадорж: Манайх шиг хямд зардлаар зам тавьдаг улс байхгүй

29 минутын өмнө

Сүүлийн үед хийж буй бүтээн байгуулалт тэр дундаа автозамын салбарт хийж буй ажлынх нь талаар “Ган гүүр” компанийн дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадоржтой ярилцлаа.

-Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Сургууль төгсч ирээд 1968 оноос одоог хүртэл автозамын салбарт ажиллаж байна. Анхны ажлын гараа минь Тэрэлжийн модон гүүрийг барихаас эхэлж байлаа. Тухайн үед Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам гэж байлаа. Тэр дундаа Зам гүүрийн трестийн зам гүүрийн ангиас ажлын гараагаа эхэлсэн. Манай байгууллага анги, контор, нэгтгэл гээд олон удаа солигдсон. Ардчилал гарах үеэр “Ган гүүр” компани болсон. 2011 онд миний анх барьж байсан гүүрийн дэргэд дахин шинэ гүүр барьсан. Энэ гүүр нь өрөмдмөл суурьтай 42.5 метрийн урт алгасалтай,  цутгамал гүүр бий.

-Одоогийн техник, технологи, стандарт тэр үеийнхээс ялгаатай биз?

-Энэ цаг үе нэлээд ялгаатай. Би гүүрийн инженер мэргэжилтэй. Манай улсад анх 1964 онд бетон гүүрийн байгууллага байгуулагдаж байлаа. Тухайн үед ЗХУ-ын техник эдийн засгийн үндэслэлээр гүүрийг барьдаг байв. Одоо бол гүүрийг хийж байгаа эдлэлүүд нь хүртэл өөрчлөгдсөн. Жишээ нь, сүүлийн үед өрөмдмөл суурьтай, дам нуруу хэрэглэж байна. Мөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүгд өөр болсон. Нэг үеэ бодвол сайхан болсон.

-Зам тавихад хэтэрхий анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийж байна гэх юм. Учир нь өр тавьж олсон мөнгөө ашиг өгөхгүй төсөл санхүүжүүлэх нь буруу гэж хэлээд байна л даа?

-Зам дагаж хөгжил гэдэг. Мянганы зам гэдэг том төсөл хэрэгжиж байхад баяртайгаар хүлээн авч байлаа. Зам барьснаар ард түмэн, улс оронд их хэмнэлттэй. Өмнө нь бид 100 км шороон замаар гурван цаг давхиж очдог газраа нэг цаг яваад очдог болсон. Энэ нь машин техник эвдрэл болон цаг хугацаа,  шатахуун зарцуулалтыг хэмнэж байгаа хэрэг. Ингээд бодвол ард түмэнд өгөөжтэй, ашигтай зүйл юм.

-Сүүлийн хоёр жилд замын салбарт хийж байгаа бүтээн байгуулалтыг та юу гэж дүгнэх вэ?

-Замын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, өнгөрсөн онд 800 тэрбум, энэ онд 500 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Мөн аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох хатуу хучилттай зам тавьж байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрын том зорилт юм. Манайх чинь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөн учраас бусад орныг бодвол ашгаа түргэн өгөхгүй. Гэхдээ ард түмнийхээ төлөө төрөөс хийж байгаа ажил, баримталж байгаа бодлого зөв замаар явж байна гэж боддог.

-Одоогийн барьж байгаа зам олон улсын стандартад нийцэх үү. Учир нь замыг муу барьж байна. Их хэмжээний хөрөнгийг үргүй зарцуул­лаа гэх шүүмжлэл тасрах­гүй байна?

-Зам барина гэдэг хөрөнгө мөнгөтэй шууд холбоотой. Энэ засаг гарч ирээд сайн чанартай замыг богино хугацаанд хийхэд зарцуулах мөнгөний хэмжээг гаргаж өг гэсэн юм. Үүний дагуу зөвлөх инженерүүд тооцоо хийж үзсэн. Өнөөдрийн байдлаар нэг км замыг 800 сая төгрөгөөс 1.2 тэрбум төгрөгийн өртөгөөр хийвэл чанартай байх боломжтой гэж үзсэн. Мэдээж олон хүчин зүйл нөлөөлнө. Учир нь өмнө нь 44 тоннын даацтай гэж тооцоолдог байсан. Өдгөө энэ даац хэд дахин өссөн гэдгийг хүмүүс мэднэ. Тиймээс замын суурийг сайжруулахгүй байхын аргагүй болсон. Сүүлийн үед хийж байгаа замууд хайрган суурь бэхжүүлнэ. Мөн цемент суурь бэхжүүлэх ёстой. Ингээд долоон см-ийн зузаантай асфальт тавьж байгаа юм. Энэ нь замын чанарт нөлөөлж байна. Ер нь автозам сайжирч байгаа нь хүмүүсийн амьжиргаанд ч нөлөөлнө шүү дээ. Би “Гудамж” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн зам эрс сайжирч байгаа гэж боддог. Замыг шинэчлэхдээ явган хүний зам, суваг шуудуу, ус зайлуулагч гээд бүх асуудлыг цогцоор нь шийддэг болсон нь сайшаалтай.

-Зам барихад Хятадууд өргөнөөс нь, Монголчууд зузаанаас нь “хумсалдаг” гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Энэ бол хөндлөнгөөс харж байгаа хүний хардалт. Зам барих төсөв мөнгө хатуу хяналттай байдаг. Давхар, давхар хяналт бий. Мөн тухайн замыг стандартын дагуу барьж байгаа эсэх болон бүтээгдэхүүний хэмжээг хүртэл нягтлах тусгай багаж байдаг. Тухайлбал, нэг далангийн хучилт хийлээ гэхэд нэг талаас нь хөөгөөд явчихдаггүй. Дунд нь таслаад хэсэг, хэсгээр нь хийдэг. Ажлын явцад хийц бүрээс тухай бүрт нь дээж авч шалгадаг. Тиймээс замын чанарын хувьд муу болно эсвэл өргөн, зузаанаас нь танана гэсэн ойлголт байхгүй.

-Нэг км зам барих өртөг хэт өндөр байна гэх юм. Тодруулбал, Богд уулын арын зам өндөр өртөгөөр босч байна гэсэн шүүмжлэлд өртөж байсан?

-Бид олон орны замын судалгааг үзэж байсан. Эдгээртэй харьцуулахад манайх шиг хямд өртөгтэй зам байдаггүй. Жишээлбэл, хамгийн бага өртөг гэхэд нэг сая ам.доллар байх юм билээ. Мэдээж бүх замыг ижил төвшинд үнэлж болохгүй. Тээвэрлэлтийн хол ойр, материал, зориулалт зэргээс хамаарч үнэ өөрчлөгдөнө. Манайхан зам барина гэхээр захын шороог ачиж ирээд зам дээр асгачих мэт бодох юм. Гэтэл сууринд хийх шороог хүртэл лабораториор шинжлүүлдэг юм шүү дээ. Ер нь манай улс хөрөнгө мөнгөндөө хав­чиг­даад замын сал­барт төдийлөн их хэмжээний санхүүжилт хийж чадахгүй байна.

-Таныг анх зам барьж байх үед нэг км замыг ямар өртөгөөр барьдаг байв?

-Олон жил бригадын дарга хийлээ. Ихэвчлэн ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар зам барьдаг байлаа. Тухайн үед хямд өртөгтэй байжээ. Одоогийн барьж буй зам тэр цагийнхаас илүү чанартай болсон. Учир нь нарийн хяналт шалгалт байгаагүй. Материалын орц, найрлагыг заадаггүй байсан. Тэгэхээр тэр үетэй өнөөдрийн баригдсан замуудыг харьцуулашгүй.

-Шинээр барьсан зам бороонд идэгдээд эвдэрлээ. Улсын хөрөнгийг үргүй зарлаа гэж шүүмжилдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тэр цагт замын суурь хийхдээ голын хайргыг авчирч дэвсээд индүүддэг байлаа. Одоогийнхоос чанартай гэж хэлэхэд хэцүү. Учир нь тухайн үед хүнд даацын тэрэг ховор байсан. Мөн хотын замаар тээврийн хэрэгсэл зорчих нь ч харьцангүй гайгүй байсан. Тэгэхээр харьцуулахад хэцүү байна. Одоогийн замын эвдрэл хүнд даацын тэрэг их зорчсоноос үүдэлтэй. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрчимжсэнтэй холбоотой.

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих