Барилгад хамаагүй барилгын яам
Энэ бол шинэ сэдэв биш. Гэвч асуудал дуусахгүй байгаа учир барилгын ослын талаар дахин бичихээс өөр аргагүй. “River
stone” хотхоны барилгын талбайд гарсан ослоор амьдралд дөнгөж хөл тавьж байсан гурван залуу амиа алдаад удаагүй байна. Энэ сарын 7-ны өдөр. Өдрийн 13.30 цагийн үед “River stone” хотхоны барилгын гадна өнгөлгөө хийж байсан гурван залуугийн дүүжин хавтангийн тросс тасарч тэд 10 давхраас унасан. Өндрөөс унасан учир тэдний хоёр нь газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт очоод амьсгал хураасан хэрэг гарсан юм. Энэ тухай хэсэгтээ шуугиад эргээд асуудал намжив.
Олныг цочоосон барилгын ослууд сүүлийн жилүүдэд хэтэрхий олон гарч байна. Хүмүүс мартаагүй байгаа жишээнүүдийг дурдахад хангалттай. “Тэнгис”-т кино үзэхээр явж байсан 19 настай залуу, мөн энэ театрын өмнөх зам дээр автомашинаа жолоодож яваад амиа алдсан 40 хүрээгүй эр, сургуулиа тараад ээжтэйгээ хөтлөлцөн зам гарч яваад амиа алдсан 12-хон настай Есүгэн охины цаг бус үхэл. Энэ бүхний дараа бид “Буруутан хэн бэ” хэмээн хашгирч Ерөнхийлөгч, Барилгын сайд нь “Ийм хэрэг дахин гарах ёсгүй.Бүх төвшинд хариуцлагыг сайжруул” хэмээн мэдэгдэж байв. Харамсалтай нь байдал сайжирсангүй. Харин ч дордлоо. Өмнө нь ганц нэгээрээ барилгын ослын хохирогч болж байсан бол одоо гурав, дөрвөөрөө цаг бусаар хорвоог орхиж байна. Үүнд хэн буруутай вэ.
Буруутан хэн бэ гэдгийг хайхаас өмнө барилгын осол яагаад гараад байгаа хүчин зүйлийг авч үзье. Бид уг нь нийгмийн харилцаа, аюулгүй байдлаа хангах хууль, дүрэмтэй улсад амьдардаг. Гэтэл анхан шатнаасаа төрийн байгууллагаа хүртэл хариуцлага гэдгийг мартсанаас ийм эмгэнэлт хэрэг гарах боллоо. Юуны түрүүнд барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай огтхон ч санаа зовохгүй зөвхөн мөнгөний төлөө ажиллаж байна. Барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн байх ёстой. Тэр хүн барилгын талбай дээр байнгын хяналт тавьж, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөж буй эсэхийг шалгах үүрэгтэй юм. Гэтэл ашиг олохоо эхэнд тавьсан компаниуд энэ ажлын байрыг огт гаргадаггүй, гаргасан нэг нь бэлэг тэмдэг төдий ажиллуулдаг байна. Хэрэв хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан тэр өглөө гурван залуугийн дээш гарч буй өргүүрт гэмтэл байсныг илрүүлээд засчихсан бол амьдралд дөнгөж хөл тавьж байсан гурван залуу орой нь гэртээ харих байлаа. Хууль уншиж үзье. Үйлдвэрлэлийн осол гэж юуг хэлэх вэ. Ажилтан ажил дээрээ, ажлаа хийх явцдаа эсвэл ажилдаа ирж, буцах замдаа ямар нэг осол гэмтэлт өртсөн бол үйлдвэрлэлийн осол гэж үздэг. Хэрэв ажилтан амиа алдсан бол олгох нөхөн олговорын тухай Хөдөрмөрийн тухай хуулийн 97.1.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хорлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны гэр бүлд 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заажээ. Үүнээс үзвэл хүний амь 36 сарын цалинтай л дүйцэх юм байна. Сард 500 мянган төгрөгийн дундаж цалин авдаг гэвэл 18 сая төгрөг гэсэн үг. Хүний амийг мөнгөөр үнэлнэ гэж мэдээж үгүй. Гэвч компаниуд хуульд заасан хамгийн доод хэмжээгээр нөхөн төлбөр өгч, ихэнх нь өгөхгүйгээр ямар нэг аргаар бултаж байна.
Харин одоо асуудлыг илүү томоор харъя. Дахиад л буруутан хайх ёстой. Төр иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Төрийн өмнөөс энэ үүргийг хэрэгжүүлдэг байгууллага нь салбарын яам, мэргэжлийн хяналт ынхан. Харамсалтай нь “Мэргэжлийн хяналтын газарт хүн хүч байхгүй. Бүх барилгыг хянаж хүчирдэггүй” гэдэг. Харин асуудлаас байнга бултдаг газар нь Барилга, хот байгуулалтын яамныхан. Тэд “Бид бодлогоо зангидахаас, хянах үүрэггүй” хэмээх бэлэн хариулттай. Энэ тайлбараар асуудлаас зугтаж, бүх зүйлийг мэргэжлийн хяналт руу чихэж сурсан сайд олон. Барилгынхаа аюулгүй ажиллагаа, чанарт хяналт тавихгүй бол Барилгын сайд, хариуцсан яам гэж байгаад яадаг юм бүү мэд. Хэзээ нурахыг нь мэдэхгүй баахан барилга барьсныг Барилгын яамныхан ажил хийлээ гэж дүгнэдэг гаж жишиг манайд байна. Дахин хэлэхэд 12-хон настай Есүгэн охин харамсалтайгаар амиа алдсаны дараа охины аав Ерөнхийлөгчтэй уулзаж байв. Ерөнхийлөгчийн хажууд Барилгын сайд, хотын дарга ч байсан. Тэд “Энэ эмгэнэлт явдал сүүлийнх болог. Дахин барилгын ослоор хүний амь үрэгдэхгүй байхад бүх талаар анхааръя” хэмээн охины аавын сэтгэлийг тайтгаруулж байлаа. Харин тэр цагаас хойш осол гарсаар, бүр сүүлдээ гурав, дөрвөөрөө цаг бусаар хорвоогоос оддог боллоо. Хорь хүрээгүй залуус амиа алдлаа. Мэдээж Барилгын сайд буруугүй. Компани ч бас буруутан биш. Яг одоо үйлчилж буй бичигдээгүй хуулиар бол талийгаачид өөрсдөө буруутай болж таарна. Монгол хүний амь 36 сарын цалингийн үнэтэй байж, барилгын талбар дахь аюулгүй ажиллагаа, чанар нь салбарын яамандаа огт хамаагүй мэт явж ирлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс барилгад хамаагүй Барилга, хот байгуулалтын яамтай нэлээд удаж байна.
Ө.Батхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: