Яамныхаа сайт руу шагайж ямар компанийг “мартсанаа” санаарай, Х.Золжаргал дарга аа
Улсын төсвийн мөнгийг тендер буюу сонгон шалгаруулалт хэмээх сайхан, цэвэр цэмцгэр нэрийн дор бие биесийнхээ гарт атгуулдаг нэгэн том луйвар ил цагаандаа гарсныг ҮХААЯ-нд хамааралтай тендер бүрээс харж болно. Өөрөө жил гаруйхны өмнө тус яамны төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтанд тэнцэхдээ “Х.Золжаргалд зориулсан сонгон шалгаруулалт” хэмээн төрийн албыг цоллуулж байсан ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалтай энэ бүхэн холбоотой. Түүнийг төрийн нарийн бичгийн даргаар шалгаруулахад нь Төрийн албаны зөвлөлийг “Нэр нүүрээ даанч нэг бодсонгүй” хэмээн хэвлэлийнхэн буруутгаж байсан. Учир нь Х.Золжаргалыг шалгаруулсан местний гол шаардлагыг ТАЗ-ийнхөн зөвхөн түүнд таацуулахын тулд “Дээд математикч мэргэжилтэй, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай…” энэ тэр хэмээн зарлаж онигоонд орсон билээ.
Аль эрт шүлхийн вакцины асуудлаас үүдэлтэйгээр халагдах үндэслэлтэй гэгдсэн Х.Золжаргал Х.Баттулга сайд Яамаа орхиж явснаар өдийг хүртэл суудал дээрээ тогтож байгаа. Хэзээ ч огцорч магадгүй тэрээр одоо боломж бүрийг ашиглан тендер бүрт хуруу хумсаа шигтгэж ялуулна гэсэн бүхнээ ялуулан сагсалзаж байгаа юм.
Мэргэжлийнхэн дунд ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын тухай “Мал мэдэхгүй математикийн багш, маханд дуртай мэргэжлийн бус нөхөр” гэсэн хэлц хүртэл гарсан байдаг. Ийм нэг хэлцийн эзэн, ийш тийш тендер шидэлж тоглодог Х.Золжаргал сонгон шалгаруулалтыг “сонгон тонгоруулалт” болгож хувиргадаг гэлцэнэ. Тэрээр шүлхийн вакцины тендер, Мон хидротой холбоотой “Хэрлэн говь” төслийн тендер, Алтай кашмирыг горьдоож горьдоож байгаад “гадаа хонуулсан” ноолуурын тендер гээд тэрбум тэрбумаар яригдах олон тендерийг “нухаж” учрыг нь олсон нэгэн. Энэ удаад ч мань “төрийн нарийн” нөөцийн махны менежерийн сонгон шалгаруулалтанд төрийн хүний өмнөөс бус хувийн компаний төлөөлөгч маягаар ажиллажээ. Нөөцийн махны менежерийн тендерээр батарейн хөргөлттэй агуулахгүй компанийг шалгаруулан сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн байна. Мөн удаан хугацаанд төмс, ногоо хадгалснаас үнэр нь шингэж, мах хадгалж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан компанийг шалгаруулжээ. Мах нөөцлөх агуулахуудынх нь хүчин чадлыг бодит байдал дээр шалгаагүйгээс хүчин чадлаа худал нэмж, хийсвэр тоо өгсөн компанийг шалгаруулж орхижээ. Ийм шийдвэр гаргаж, захиалгаар нэг компанид үйлчлэн тендер авч өгч суухдаа эрхэм Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон ҮХААЯ-ны тендерийн үнэлгээний хорооныхон тэр махыг хэрэглэх ард түмнийхээ хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийг бодсонгүй юу. Хэрэв хүнээ бодсон бол нэг зүйлийг “марталгүй” санах байж. Тэр нь юу гэвэл, яамныхаа үйл ажиллагааг бусдад сурталчлахдаа махны үйлдвэрлэл дээр урдаа барьж гайхуулдаг, олон улсад стандарт, чанар, үйл ажиллагаагаараа хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц компаниа тендерт орж байхад нь “мартаад” шалгаруулалгүй өнгөрөөчихжээ. Тэдний мартаж хоцроосон “Мах маркет” ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа махны компаниудаас анх удаа олон улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ “Чанар, аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангасан” гэсэн үнэлгээ бүхий хүнсний аюулгүй байдлын HACCP тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага юм. Мөн хүнсний аюулгүй байдлын дээд стандарт болох олон улсын аудитын ISO-22000 стандартыг нэвтрүүлсэн цорын ганц үйлдвэр аж. Гэтэл мал ихтэй, махаа гадагш экспортлох боломжтой манай улс дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм үйлдвэрээ “туршлагагүй” гэсэн үндэслэлээр нөөцийн махныхаа сонгон шалгаруулалтын гадна үлдээчихсэн байх юм. Харин энэ “туршлагагүй” компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа төдийгүй өнөөдөр ҮХААЯ-ны үндсэн вэбсайт дээр хийж бүтээсэн ажил, нэвтрүүлсэн тогтолцоогоороо махны үйлдвэрлэлийн салбарынх нь нүүрийг тахлаад байж байх юм. Шаардлага хангаагүй компаниудыг шалгаруулсан яамныхан шилдэг компаниа анзааралгүй зүгээр л “мартчихсан” байх аа. Яамныхаа сайт руу нэг шагайгаад ямар компанийг “мартсанаа” саначихаарай, Төрийн нарийн бичгийн дарга аа.
А.Магнай
URL: