АН-ын дарга Н.Алтанхуяг өдөр тутмын сонинуудад “Хаалтын гэрээ”-ний урилга илгээчихэв үү

140918ardchilsannam copyАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өдөр тутмын сонины эрхлэгчдийг “Хаан жимс” амралтын газартаа урьжээ. Урилгадаа “Чацарганы ургац хураалтын баяр” гэж бичсэн байж магадгүй. Тэрбээр найм дахь жилдээ энэ баярыг зохион байгуулж буй. Үүний өмнө өнгөрсөн наймдугаар сарын эхээр твийтр хуудаснаа өөрийг нь хурцаар шүүмжилдэг олон дагагчтай “болжмор”-уудыг агнаж уриад хамтдаа үдийн зоог барьж “анекдот” ярьж нэгэн өдрийг өнгөрүүлжээ. Харин энэ баасан гаригт хаан жимсээ хураах уу, хаалтын гэрээ хийх үү гэдэг тун эгзэгтэй. Саяхан зарим хэвлэлүүдтэй “Хаалтын гэрээ байгуулсан” нь илэрч эсэргүүцлийн жагсаалдаа тулсаныхаа дараа өдөр тутмын сонины удирдлагуудыг урьсан нь хардлага төрүүлэхгүй байхын аргагүй. Магадгүй, өөрийнх нь нэр хүндтэй холбоотой ээдрээт “хэргүүд”, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх “нууц” ажиллагаа, “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярихгүй байх боломжгүй энэ нөхцөлд тэрбээр ийм зоригтой шийдвэр гаргаж чадсан нь гайхалтай.

“Хоол идэх гэж байгаа хүн тогоочтой хэрэлдэж болдоггүй”  гэсэн утгатай хятадуудын үгийг энэ урилга эрхгүй санагдуулчихлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдтай үдийн зоог барьж, “чацарганын баярт” нь очсон бол “дайлаад, бүлтэгнээд” байсан эзнийг нь шүүмжлээд байж чадах болов уу. Бас цаана нь хэвлэл мэдээллийн салбарын хамгийн хүчтэй хэрэгсэл гэгддэг телевизийн удирдлагууд гомдсон юм биш биз. Эсвэл бүр ч тансаг зэрэглэлийн хүлээн авалт тэднийг хүлээж байж ч болох юм. Хаяг нь мэдээж “Хаан жимс” амралтад байх магадлалтай. Дашрамд сануулахад “Хаан жимс” амралтын газрыг түүний “экс эхнэр”-ийн дүү, НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс удирдан ажиллуулж менежерээр нь ажилладаг юм билээ. Лувсандагвын Сайнтөгс гэгч энэ хатагтай Ерөнхий сайдын экс гэргий Лувсандагвын Ганчимэгийн дүү. Олуулаа өссөн болоод ч тэр үү, хүргэн ахаа шинэ эхнэр авсан ч холддоггүй нь ахдаа хайртайнх уу, албан тушаал нь хэрэгтэйнх үү.
Ямартай ч эдүгээ Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Гэр хорооллынг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-т гар бие оролцох асар өндөр сонирхолтой байгаа талаар цахим хуудаснаа мэдээлэх болсон юм билээ. Түүнийг нь гэрчлэх мэт хатагтай Л.Сайнтөгс ахынхаа талаар эерэг мэдээлэл цацах хүсэлтэй, шүүмжлэгсдийг ниргэх зорилготой байгаа нь твийтр хуудас дахь жиргээнээс нь илт харагддаг юм. Энэ удаад тэрбээр өдөр тутмын сонины эрхлэгч нарыг дагуулан ирэх Ерөнхий сайдын “Ургацын баяр”-т бэлдээд тун завгүй байгаа аж.

О.Долгор

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих