МОНГОЛ, ТУРКИЙН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨТГӨНӨ

20140918-monturksМонгол Улсын Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад айлчилж байна

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн яам хооронд 2000 онд байгуулсан Хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд, БНТУ-ын Хууль зүйн яамны урилгаар тус улсад зочилж байгаа Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Туркийн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хасан Дудаклы болон тус яамны газрын дарга нартай уулзалт хийж, хоёр яам ба харьяа агентлагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг Монгол Улсад хийж байгаа эрх зүйн болон хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийн талаар танилцуулж, түүнийг хурдасгах, тус салбарын албан хаагчдын мэргэжлийн чадварыг сайжруулахын тулд сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх санал тавив. Хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх нөхцөл, бололцоо их байгааг ноён Х.Дудаклы тэмдэглээд хамтран гаргах баримт бичгийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын дараа хатагтай Ж.Баярцэцэг, ноён Х.Дудаклы нар Монгол, Туркийн хууль зүйн яамдын хооронд 2015-2017 онд хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Уулзалт болон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцлоо.

Мөн БНТУ-ын Хууль зүйн сайд Бекир Боздаг Монгол Улсад айлчлахыг урьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг уламжлав.

Түүнчлэн, манай төлөөлөгчид Туркийн Цагдаагийн академи, Орон нутгийн цагдаагийн алба, Хууль зүйн академи, Хорих ангиудыг удирдах газар, Станбул хотын Прокурорын газар, төрийн тусгай албан хаагчдын гутал, хувцасны үйлдвэр зэрэг байгууллага, газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав.


URL:

Сэтгэгдэл бичих