Үндэсний компаниа өмнөд солонгосчуудад дээрэлхүүлсээр байх уу

Монгол Улсын “МИАТ” компани болон Өмнөд Солонгосын “Кореан Эйр” компанийн хооронд үүсээд байсан олон жилийн үл ойлголцол үргэлжилсээр байна. Хоёр улсын Засгийн газрын хооронд Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатарын чиглэлд агаар тээвэрлэлтийг ижил тэгш нөхцөлтэйгээр эрхлэх гэрээ байгуулсан ч өнөөдөр хүчтэний өмнө хүчгүй буруутай гэдэг л болоод байна. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ ёсоор бол “МИАТ” компани долоо хоногт зургаан удаа Улаанбаатар-Сөүл чиглэлд, “Кореан Эйр” компани мөн л долоо хоногт зургаан удаа Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байгаа. Хоёр улсын хоёр компани ижил тэгш нөхцөлтэйгөөр долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэж буй атлаа юунаас болоод үл ойлголцоход хүрэв хэмээн гайхаж, хачирхаж байна уу. Үл ойлголцол үүсэх шалтгаан, үндэслэл солонгочуудаас бус монголчуудаас хамааралтай юм байна.
Өмнөд Солонгосын “Кореан Эйр” компани долоо хоногт зургаан удаа “А330” онгоцоор Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлддэг. “А330” онгоц нь 260-330 хүний суудалтай. Монголын агаарын тээвэрийн “акул” гэгддэг МИАТ нь “Бойнг 737” онгоцоор мөн л долоо хоногт зургаан удаа Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлддэг. Тэрхүү дунд оврын гэх “Бойнг 737” онгоц нь ердөө 170 хүн тээвэрлэх суудалтай. Дунд оврын онгоцоор нислэг үйлддэг гэх шалтагаар “МИАТ” нэмэгдэл нислэг үйлдэх болсон нь маргааны гол сэдэв болжээ. Өмнөд Солонгосын талаас Засгийн газар хоорондын ижил тэгш эрхээр үйлчлэх гэрээг “МИАТ” компани зөрчсөн гэх гомдлыг холбогдох газарт хүргүүлсэн байна. Үүний дагуу Өмнөд Солонгосын Шударга өрсөлдөөнийг зохицуулах газар нь “МИАТ” төрийн өмчит компанийн Сөүл дэх төлөөлөгчийн газарт нэгжлэг шалгалт хүртэл хийгээд авсан тухай мэдээлэл байна. Энэхүү мэдээллийг “МИАТ” компанийнхан үгүйсгэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын том онгоцтой “Кореан Эйр” компанийн хүртэх ашиг мэдээж жижиг онгоцтой Монголын “МИАТ” компанийхтай харьцуулашгүй. Ашгаа бодохоор МИАТ ахиад нэг жижиг хөлгөөрөө нислэг үйлдчихмээр байдаг. Асуудал үүнд л байгаа юм. Учир нь том онгоцтой “Кореан Эйр”-т жижиг онгоцтой “МИАТ”-ийг нэмэлт нислэг үйлдүүлэхгүй байхыг хүсч буй аж. Энэ нь “Кореан Эйр”-т багагүй унацтай байх нь тодорхой. Тэгэхээ тэд мэдээж, унах ашгаа алдахгүйн тулд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээг монголчуудад сануулах нь зүйн хэрэг.
Өмнөд Солонгосын “Кореан Эйр” компани болон Монголын “МИАТ” компанийн хооронд үүсээд байгаа үл ойлголцлын талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “олон жилийн өмнөөс энэ асуудал яригдсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд “МИАТ” том онгоц худалдан авсан. Уг онгоцоор Сөүл рүү нислэг үйлдэж байгаа байх.Одоо тийм маргаан үүсэхгүй” хэмээн тайлбарлаж байна. Харин “МИАТ”-ийнхэн өндөр үнээр түрээслэж буй “Бойнг 767-300” онгоцоор долоо хоногт нэг удаа, сайндаа хоёр удаа Сөүл рүү нислэг үйлдэж байгааг дуулгасан.
Сарын өмнө буюу тавдугаар сарын 25-нд МИАТ компани “аварга хөлөг”-өө хүлээн авсан. Тус компани агаарын хөлгийнхөө тоог өсгөж, АНУ-ын “Air lease” компаниас “Бойнг 767-300” онгоцыг сарын 247 мянган ам.доллароор түрээслэж буй. Уг онгоцыг Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэхээр түрээсэлж байгаа. Өндөр түрээсээр ашиглаж байгаа аварга хөлгийнхөө ашгийг яагаад гаргахгүй аль хэдэн жилийн өмнөх үл ойлголцлыг үргэлжлүүлсээр байна вэ гэх асуулт гарч ирж байгаа юм. “МИАТ” компанийн хувьд байгаа ганц “аварга” онгоцоо ардаа барих уу, урдаа барих уу гээч л болоод байгаа аж. “Бойнг 767-300” онгоцоор “МИАТ” компани Улаанбаатар-Берлин, Улаанбаатар-Токио, Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлддэг аж. Тэгэхээр гэрээгээ баримтлахыг шаардсан “Кореан Эйр”, гэрээгээ зөрчиж, ашиг ахиухан унагахыг хүссэн “МИАТ” хоёрын аль нь буруугүй. Хамаг буруутан нь, хамгийн гол шалтгаан нь Монголын эрх мэдэлтнүүд, эрхэм улстөрчдөд л байгаа хэрэг. Монгол Улсын агаарын тээврийнх нь нэрийн хуудас болсон, төрийн тодотголтой ганц компани нь Өмнөд Солонгосын өмнө бөхөлзөхөд хүрч байгаа нь үндэсний эмгэнэл гэлтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих