Bank of China Монголын арилжааны банкуудад “аюулгүй”-гээ нотлохоор 100 тэрбум юаниар хахуулдахаар шийдэв үү
Bank of China-гийн Төлөөлөгчийн газар салбараа нээх тухай яриа өндөлзөж, няцаагдсаар удлаа. Гэвч энэ удаад нэлээд
Хэрэв Монголын эдийн засагт ашигтай, арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаанд саад болох үндэслэлгүй бол Монголбанк Bank of China-д салбар нээх “виз” дарахад бэлэн. Тэгээд ч Засгийн газрын “үгэнд орох” магадлал өндөртэй гэх хардлагыг бас няцаах “момент” олдохгүй байгаа юм.
“Үүдэн хоймрын зай”-д худал хэлсэн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Х.Баттулгын ил захидалд хариу өгөхдөө “Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно” гэсэн товчхон хариултыг өгсөн нь БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолуны хэвлэлд өгсөн ярилцлагаар няцаагдсан. Учир нь тэрбээр “БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр, засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж, эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр энэ банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм” гэсэн байдаг.
Харин “Bank of China”-гийн хамгийн үнэнч фен, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Bank of China-аас хамааралтай баян амьдаръя, бидэнд мөнгө агаар уснаас хэрэгтэй байгаа юм чинь…” гэсэн байр сууринаасаа огтхон ч ухраагүй. Тэр ч байтугай урагшлуулах бүх алхмыг гардан зохион байгуулж “найрааг” нь хийж яваа гол эзэн нь. Ингэхдээ “Манай улстөрчид, олон нийтийн дэмжихгүй байгаа гол шалтгаан нь арилжааны банкуудыг залгичихна гэх асуудал байгаа юм. Тиймээс танайх арилжааны банкуудад аюулгүй гэдгээ нотлохын тулд банкуудыг чадавхжуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгвэл танай асуудал нааштай шийдэгдэхээс гадна эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа эмзэг, эгзэгтэй мөчид хамгийн зөв алхам болно” хэмээн “Bank of China”-гийнхныг “хатгасан” сурагтай.
Үүнээс үүдэх сайн мэдээ нь Монголын арилжааны банкуудад ил, буюу далд хөрөнгө оруулалт хийж, ямар нэг байдлаар “зузаатгал” хийж болзлшгүй. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын захидалдаа дурдсан болон Монголын нийт ард түмний айдас нь “ядуугийн зовлон” биш, хамааралтай баян амьдарч эдийн засгийн хараат байдалд орох явдал юм.
Тэгээд ч Bank of China-гийн Төлөөлөгчийн газар салбараа нээх ийм шийдвэр гаргах нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасныг шууд зөрчих юм. Үүнийг харсан ч хараагүй мэт өнгөрөх эрх Монголын төрд алба хашиж буй хэнд ч байхгүй.
Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3.1-д “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, урт хугацааны өсөлт хөгжлийг дэмжих эрүүл, тогтвортой, сахилга баттай санхүүгийн салбарыг төлөвшүүлнэ” гэж заасантай нийцэхгүй шийдвэр болох юм.
Ийнхүү Улаанбаатар хотын хамгийн содон бөгөөд VIP байршилд орших “Blue Sky” цамхагт үүдээ нээсэн Bank of China-гийн Төлөөлөгчийн газар гавьтай хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн шүүмжлэлийг хаах их хэмжээний мөнгө оруулж ирэх сураг дуулдаж эхэллээ. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр Bank of China 100 тэрбум юаний зээл олгохоор болсон хэмээх мэдээлэл цахим хуудаснаа мэдээлж байна. Хэрэв БНХАУ-ын төрийн өмчит “Bank of China” Монголд салбараа нээх талаар эдийн засгийн асуудлаар мэргэшсэн хэсэг судлаачийн хийсэн тусгай судалгааны багийн зөвлөхөөр ажилласан МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулууны хэлсэнчлэн“ Манай дотоодын арилжааны банкуудын бүх хөрөнгийг нийлүүлээд ч “Bank of China”-гийн нэг хувьд нь ч хүрэхгүй. Ийм их, асар том хөрөнгөтэй банк орж ирж байгаа нөхцөлд манай олон жижиг банкуудыг нэг алхаад л үгүй хийнэ. Дараа нь бид сэргээж, нөхөж чадахгүй байдалд үлдэнэ шүү дээ.Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа банк ашгийн төлөө л орж ирдэг, зээлийн хүүг нь бууруулж хүртээмжийг нь нэмэгдүүлж Монголыг хөгжүүлэх гэж орж ирэхгүй. Энэ бол тодорхой” хэмээсэн, мөн 100 тэрбум юанийн зээлийн тухай барим тавим мэдээлэл үнэн бол “галт тэрэг нэгэнт хөдөлжээ”. Харин “галт тэргийг хөдөлгөгчид” эцэст нь хариуцлага хүлээх эсэх нь тун эргэлзээтэй. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын хэмжээнд хэлэлцэх нь зүйтэй болов уу. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд онц хамааралтай, стратегийн чухал алхам учраас бүгдээрээ хэлэлцэж шийдэх учиртай.
С.Чулуун
uls.mn
URL: