Сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахин хөндөх нь

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудал дахин хөндөгдөж магадгүй болоод байгаа юм байна. АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан дээр энэ асуудлыг гишүүд хөнджээ. Уг асуудал дээр үг нэмэрлээгүй гишүүд байхад, нөгөө хэсэг нь огцруулах хэрэгтэй гэж байсан аж. Огцруулах хэрэгтэй гэж үзсэн гишүүд “Д.Зоригт ажлаа хийж чадахгүй байна. Шатахууны нийлүүлэлт, хомсдол гэх мэт энгийн асуудлыг зохицуулж чадахгүй хүнээр салбарын сайдыг хийлгэх хэрэг байна уу. Энэ хүний хийдэг ажил нь Оюу толгой, таван толгой. Түүнээс цааш нэг ч алхахгүй, хөгжихгүй байна. Огцруулах нь зүйн хэрэг юм” хэмээцгээж байсан гэнэ.

Түүнээс гадна Д.Зоригт сайдыг судлах ажлын хэсгийг ч байгуулсан сураг байна. Ажлын хэсгийнхэн энэ хүн “Юу хийгээд, яах гээд яваад ч байна. Юу болж байна” гэх мэт асуудлыг нь хуулийн хүрээнд судлах гэнэ. Түүнээс биш ажлын хэсэг байгуулсан нэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж тагнаж чагнахгүй нь ойлгомжтой.

АН-ын гишүүд Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг арав хоног харзнахаар тохирчээ. Энэ хугацаанд сайд ямар нэгэн алхам хийж шатахууны хомсдолыг арилгаж чадахгүй байх аваас огцруулах асуудлыг шууд өргөн барих бололтой.

Түүнээс гадна албан бус эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын бүлгийн хуралдаанаар ч гэсэн дээрх асуудлыг хөнджээ. Бүлгийн нэг гишүүн сайд Д.Зоригтод хандан “Чи ажлаа хийж чадахгүй юм бол өргөдлөө гарга” хэмээн омогдсон сурагтай. Энэ үгнээс улбаалан МАН-ын бүлгийн гишүүд уг асуудлын тодорхой хүрээнд ярилцжээ. Гэхдээ ямар шийдэлд хүрсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Л.ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих